Шилдэг байгууллагуудын туг өргөх ёслол болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-25 12:23:25

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хөвсгөл аймаг дахь салбар танхимаас аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран жил бүр зохион байгуулдаг “Туг залах” хүндэтгэлийн ёслолоо 14 дэх жилдээ зохион байгууллаа.

Тус ёслолд орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж байгаа аж ахуй нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг  “Entrepreneur-2016” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр оны шилдгээр шалгарсан 10 аж ахуй нэгж, байгууллагын хамт олон оролцов.

Энэ жил 15 жилийн ойтойгоо золгож буй Худалдаа аж үйлдвэрийн танхим нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч, бизнес эрхлэгчидтэйгээ тогтмол хамтран ажиллаж салбар бүрийн шилдгүүдийг тодруулж аймгийн Засаг даргын тамгын газрын хүндэтгэлийн самбарт тугийг нь байршуулж олон нийтэд сурталчилдаг байна.

Энэ удаагийн ёслолын арга хэмжээний туузыг аймгийн Засаг дарга, МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбарын ерөнхийлөгч Л.Ганболд МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбарын дарга Ж.Сарангэрэл, салбарын тэргүүлэгчид Б.Баярмөнх, Я.Оюунгэрэл нар оролцлоо.

Хөвсгөл аймгийн оны шилдгийн шилдэг Гранпри цомын эзнээр Л.Цэрэнжав захиралтай Хөвсгөл хүнс компани, экологийн  шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр  Шинэ амттан, нийгмийн эрүүл мэндийн шилдэг эмнэлгээр Оюу-Ундраа, дэд бүтцийн салбарын шилдгээр Нөхөрлөл зам хоршоо, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын үндэсний холбооны Хөвсгөл аймгийн салбарт төв, шилдэг төрийн болон төсөвт байгууллагаар Хүнс хөдөө аж ахуйн газар, худалдаа үйлчилгээний шилдэг төвөөр Хөвсгөл идэр анд компани,  шилдэг бизнес эрхлэгчээр Ч.Оюунгэрэл, хөдөө аж ахуйн шилдгээр Хөвсгөл дуулга компани, жижиг дунд үйлдвэрлэгчээр Хана намнан уул компанийн хамт олны туг хүндэтгэлийн индэрт залагдлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ