Францын ЭСЯ-ны тэргүүн зөвлөх археологийн хайгуулын чиглэлийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-27 17:36:12

Ховд/МОНЦМАЭ/.Монгол Улс дахь Францын Элчин Сайдын Яамны тэргүүн зөвлөх ноён Рафаэл Дрозэвски тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймагт ажиллаж байна.

Уг айлчлалын бүрэлдэхүүнд тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвски, Эдийн засгийн албаны  дарга хатагтай Анни Биро, Хөдөө аж ахуйн зөвлөх хатагтай Орэлиая Талваз нар хүрэлцэн ирснийг Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, орлогч дарга Ч.Уранчимэг нар ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа.

Аймгийн засаг даргын орлогч  Ч.Уранчимэг аймгийн  ажил байдлыг танилцуулсан бол Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дарга Б.Амаржаргал томографын аппарат, эрүүл соёл дадлыг хэвшүүлэх эко бие засах газар хэрэгцээтэй байгаа талаар санал хэлэв.

Ноён Рафаэл Дрозэвски Ховд аймгийн удирдлагуудтай уулзах үеэр боловсрол, хөдөө аж ахуйн салбарт түлхүү хамтарч ажиллахаа илэрхийлж, жилд арван оюутан Ховд аймгаас Франц улсад тэтгэлгээр суралцуулах талаар хамтарч ажиллах, мөн түүхийн археологийн хайгуул малтмалын чиглэлийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Франц хэлний баярыг тохиолдуулан ирсэн тус улсын элчин сайд тэргүүтэй албаны хүмүүс төлөөлөгчид Ховд аймагт гурван өдрийн турш ажиллах бөгөөд Ховд их сургууль, Политехник коллеж, "Шим ус" компани, Хөдөө аж ахуйн газрын ажил, худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн ажилтай тус тус  танилцах юм.

Өнгөрсөн жил Франц улсын элчин сайдын яамны албаны хүмүүс Ховд аймагт айлчлах үеэр хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж ажиллах сонирхолтой байгаагаа хэлж байсан бол энэ жил ирсэн Элчин сайдын яамны төлөөлөгчид тус аймгийн Хөдөө аж ахуйн газрын ажилттай танилцах үеэр Мал аж ахуйн лаборатори, махны үйлдвэр, үхрийн ферм, хүнсний үйлдвэртэй танилцах юм байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ