Хуулийн шинэчилсэн найруулгын эх бичвэрийг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-28 16:32:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Цагдаагийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын Эх бичвэрийг Баянхонгор аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар хүлээн авах арга хэмжээ өнөөдөр Морин цагт боллоо.

Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Уранчимэг, Хууль хүчний байгууллагуудын удирдлага, Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд оролцов.

Засаг дарга Г.Батжаргал ХЭЗХ-ийн дарга Д.Уранчимэгт шинэчлэн найруулсан хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өгсөнөөр Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Оюутболд баримтлан ажиллах хуулийн эх бичвэрээ ХЭЗХ-ийн даргаас хүндэтгэлтэйгээр гардаж авсан юм. Мөн үеэр цагдаагийн нийт алба хаагчид тангараг өргөлөө.

Шинэ хуульд Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэсэн гурван үндсэн чиг үүрэгтэй байхаар тусгаж, Цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар баталгаажуулж өгсөн байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг дээшлүүлэх, үйл ажиллагаагаа иргэдийн хэрэгцээ шаардлагатай уялдуулах үүднээс цагдаагийн албан хаагч үүргээ гүйцэтгэхдээ иргэнд хүндэтгэлтэй хандаж, тэдний дэмжлэг итгэлийг хүлээх үүргийг энэ хуулиар хуульчилж өгсөнөөрөө цагдаа иргэний харилцан ажиллах ажиллагааг тодорхой болгожээ. Мөн Цагдаагийн алба хаагчдад Цагдаагийн дээд, дунд, бага цол олгохоор тусгаж, тэтгэвэр тогтоолгох насыг цолны байдлаас хамааруулан ялгавартай байхаар хуульчилж өгсөн байна.

Ёслолын арга хэмжээн дуусаад Цагдаагийн албаны тухай шинэчлэн найруулсан хуулийн эх бичвэрээ Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ёслол хүндэтгэлийн танхимдаа хүндэтгэн байрлууллаа.

                                                                                                               Б.Мөнхзул

Холбоотой мэдээ