М.Шүрэнцэцэг: Сумынхаа ЗДТГ-ыг “Ногоон оффис” болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж буй М.Шүрэнцэцэгтэй уулзаж, Хэнтий аймгийн төв Хэрлэн сум бөгөөд Чингис хотын ирээдүйн хөгжлийн талаар ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор анх удаа эмэгтэй хүн томилогдсон гэж онцолж байсныг саналаа. Харин Хэрлэн сумын хувьд та хэддэх орлогч дарга нь вэ?
-Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор өмнө нь 4 эмэгтэй дарга ажилласан байна. Би 5 дахь эмэгтэй орлогч даргаар томилогдсон. Миний хувьд тавын тоог их бэлгэшээдэг. Тавын тоо нь эв эе, хүч чадал, дотоод ухааныг бэлгэдсэн байдаг. Тухайлбал: Алунгоо хатны таван сум, таван мах бодь, таван тансаг идээ, тэгш таван хүсэл гээд сайхан билэгдлүүд бий.
- Ажлаа хүлээн авснаас хойшхи хийж хэрэгжүүлсэн, шинээр санаачилсан ажлуудаасаа дурдвал?
-Би ажлаа аваад хамгийн түрүүнд Сумын Засаг даргын 2017-2020 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг 6 бүлэг, 13 дэд бүлэг, 108 заалттай боловсруулж, сумын ИТХ-аар батлуулсан. Мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа гэр хорооллын хөгжлийн асуудалд анхаарч, баг хорооны хөгжлийг дэмжсэн нэлээд асуудлуудыг тусгасан.
Сонгуулийн үеэр айл өрхөөр явж байхад иргэд гудамж талбайн гэрэлтүүлэг, айл өрхийн хаягжилт, орон сууцны гаднах тохижилт, гудамжны хонхор хотгор, өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг өргөжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх, баг хорооны ажилтнуудыг иргэдэд хүрч ажиллуулах, хог хаягдал гээд олон асуудлуудыг ярьж санал тавьж байсан.
Энэ болгоныг шат дараалалтайгаар шийдвэрлэхээр мөрийн хөтөлбөрт тусгасан. Зарим ажлуудыг 2017 ондоо хэрэгжүүлэхээр эхлүүлээд байна. Өнөөдөр хэдийгээр улс эх орны эдийн засаг хүнд, орон нутагт ирэх санхүүжилт дутмаг байгаа ч нөөц боломжоо ашиглан Чингис хотоо хөгжүүлж, иргэдийнхээ аюулгүй, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.
Үүнээс гадна Чингис хотод СӨХ-ын ажлыг сэргээн үйл ажиллагааг нь эрчимжүүлэн орон сууцнуудын орцыг 2017 ондоо засварлахаар төлөвлөөд байгаа.
-Саяхан Хэрлэн сумын 190 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ талаар товч мэдээлэл өгнө үү?
-Сэцэн хан аймгийн төв Чингис хотын 190 жилийн ой 2016 онд тохиосон. 1826 онд “Цагаан эргийн хийд”-ийг түшиглэн хотын суурь тавигдсан түүхтэй. Энэ онд бид зуунаар тоологдох түүхтэй их хотынхоо түүхэн номыг бүтээж, эх түүхээ иргэддээ болон ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа таниулах үүднээс номын нээлтийн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгууллаа. Мөн ойгоо угтаж, Ерөнхий боловсролын сургуулийн багш, насанд хүрэгчдийн дунд “190 жилийн түүхтэй Өндөрхаан хайрхан” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан, ахлах ангийн сурагчдын дунд “Эртний домогт Өндөрхаан хайрхан” сэдэвт “Эссэ” бичлэгийн уралдаан, “Бидний бахархалт Чингис хот” уран зургийн уралдаан, “Домогт Хэрлэн гол” сэдэвт монгол бичгийн “Эссэ”, уран бичлэгийн уралдаануудыг зохион байгуулсан. Үүнээс гадна “Үндэсний бөхийн барилдаан, Шагайн харваа, Шашин урлагийн цэнгүүнийг зохион байгуулж, УИХ-ын эрхэм гишүүд, аймаг сумдын удирдлагууд, ард иргэд өргөнөөр оролцлоо.
-Хэрлэн сумын хаваржилтын нөхцөл байдал ямар хэмжээнд байна вэ?
-Манай Хэрлэн сумын хувьд өвөлжилт хүндэрч тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-50 см зузаантай цастай байснаас мал их ядарч хавартай золгосон. Одоо сумын хэмжээнд 573 мянган малчин өрхийн 380,4 мянган толгой мал хаваржиж байна. Энэ онд сумын хэмжээнд 180 орчим мянган эх мал төллөнө. Өнгөрсөн жил манай суманд зуншлага тааруухан байснаас малчид хадлантэжээлийн бэлтгэл сайн хангаж чадаагүйгээс өвс тэжээлийн хомсдол их байсан. Сумын хэмжээнд өвөлжилт хүндэрсэн үед орон нутгийн төр захиргааны байгууллагын зүгээс малчдад 5000 боодол өвс буцалтгүй тусламжаар, 531 шуудай хивэг хөнгөлөлттэй үнээр олгосон. Үүнийг малчдад хүргэх ажлыг цаг алдалгүй зохион байгууллаа.
-Таны хувьд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан туршлагатай. Сумын ИТХ-ын төлөөлөгчийн хувиар сонгогдсон баг дээрээ ямар ажлуудыг хийж байна вэ? Хэрлэн суманд ирэх хавраас хэрэгжих томоохон ямар ажил, хөтөлбөрүүд байгаа вэ?
-Юуны түрүүн надад итгэл хүлээлгэн төлөөлөгчөөр сонгосон иргэддээ талархлаа илэрхийлье.Би иргэд сонгогчдынхоо итгэлийг зүтгэлээр хариулан баг, сумаа хөгжүүлэх чин хүсэл тээн ажиллаж байгаа ба бусад төлөөлөгчдийнхөө хамт багт тулгамдаж байгаа ажлуудаа аймаг, сумын Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгуулсан.
Сумын Засаг даргын орлогч гэдэг албан тушаалд хамрагдахгүй асуудал гэж байхгүй бүх ажилд л оролцож байдаг. Үүнд түүртэх биш улам бүр өөрийгөө дайчлан, ямар нэгэн шийдлийг гаргахдаа голчийг нь олж ажиллахыг зорьж байгаа.
Энэ жил 4-р багийнхаа айл өрх, гудамжийг хаягжилттай болгон, цамхагт гэрэлтүүлгийг Цацал, Хорихын байр, Эрчмийн байр, Тариаланчдын гудамжинд суурилуулна. Мөн Чингис цамхагийн зүүн талын 4 замын уулзварыг гэрлэн дохиотой болгоно. Ажлаа авснаас хойш их ачаалалтай байгаа.
Нэгэнт багийн иргэдээ төлөөлсөн төлөөлөгчдийн хувьд иргэдэд хүрэх ёстой гэж боддог. Энэ утгаараа сар бүрийн 15-нд багийн төв дээрээ иргэдтэйгээ уулзах өдрийг бий болгосон.
Мөн “Цэвэр цэмцгэр Чингис хот” хөтөлбөрийн талаар сумын Засаг дарга иргэдэд нэлээд дэлгэрэнгүй мэдээллүүдийг хүргэсэн. Үүний хүрээнд сумын ЗДТГ-ыг “Ногоон оффис” болгох зорилт дэвшүүлэн сумын ЗДТГ-ын одоо ашиглаж байгаа гэрлүүдийг LED гэрэлд шилжүүлэх ажлыг хийж байна. Ингэснээр жилийн дүнгээр цахилгааны зардлыг 57,2 хувиар хэмнэх тооцоо гарч байгаа.
-Хэрлэн сумын ард иргэдийн төрийн үйлчилгээг хүндрэлгүй авах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэл багатай болгох зорилгоор сумын ЗДТГ-ын ажилчдын ажлын цаг ашиглалтыг сайжруулж, цаг бүртгэлийг цахим системийг нэвтрүүлсэн.
Төрийн ажлын хүнд суртал, албан хаагчдын зан харьцаа болон баг хорооны ажлын талаарх мэдээллийг авч, засаж сайжруулан ажиллах зорилгоор “Иргэдээ сонсъё” 70564111 утсыг ажиллуулж байна.
Төрийн байгууллагуудын нээлттэй байдлыг хангаж “Шилэн данс”-ны хөтлөлтийг сайжруулан төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг иргэдэд танилцах боломжийг олгож байгаа.
-Таны хувьд цаашид ямар зарчмыг баримталж ажиллах вэ?
-Эрхэлж байгаа ажилдаа эзэн нь байж, аливаа зүйлийг аргалах биш ажил хэрэг болгохыг чухалчилдаг. “Хуурамч хүнд зүтгэл үгүй, Хулчгар хүнд зүтгэл үгүй” гэдэг. Хэлсэн бол үгэндээ хүрдэг, хийвэл зорьсондоо хүрдэг л байх хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа. Нутгийн зон олондоо хандаж?
-Сэцэн хан аймгийн төв Чингис хотынхоо хөгжлийг улам эрчимжүүлж, эрч хүчтэй, бүтээлчээр хамтран хөдөлмөрлөхийг зон олондоо уриалж байна. Нийт иргэддээ эрүүл энх, саруул сайхан, эрч дүүрэн, сэтгэл түвшин байхыг хүсэн ерөөе!
Д.Одонтунгалаг