Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын хувьцаа эзэмшигчийг өөрчлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-22 11:52:56

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг хэлэлцэж, соёрхон батлав

ОХУ-ын зүгээс өөрийн талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” болгон өөрчлөх, ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах санал ирүүлсэн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, АНУ-аас “Ростехнологи” компанид тавьсан хориг манай улсад үйлчлэх үү гэдгийг тодруулсан.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, ОХУ-ын “Ростехнологи”-ийг АНУ хоригт оруулсан. Уг хоригт “Ростехнологи” нь гадаадад 50-иас дээш хувийг эзэмшдэг компани байвал мөн тус компанид нь хориг тавина гэж заасан. Тус компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн  49 хувийг эзэмшдэг тул манай улс хоригт орохгүй” хэмээн тайлбарлав.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, протоколыг соёрхон батлав.

Чуулганы хуралдаанаар .Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг хэлэлцэж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ