Эво Моралес дээд амжилт тогтоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-22 12:34:57

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Боливын Ерөнхийлөгч Эво Моралес лхагва гарагт тус улсыг бусдаас хамгийн удаан удирдсан улс төрийн зүтгэлтэн болжээ. Тэрбээр Боливын Ерөнхийлөгчийн албан тушаалыг есөн жил, найман сар 27 өдөр хашиж байгаа юм. 

Төрийн эрхэнд хамгийн удаан байсан хугацаагаар өмнөх дээд амжилтыг Моралес одоогийн байдлаар нэг хоногоор эвдээд байна. Өмнөх дээд амжилтыг Болив улсыг 1829 оны тавдугаар сарын 24-нөөс 1839 оны хоёрдугаар сарын 27 хүртэл удирдсан Андрес де Санта Крус тогтоожээ.

Боливын уугуул иргэд болох индианчуудаас гаралтай анхны ерөнхийлөгч Эво Моралес анх 2005 оны 12 дугаар сард болсон сонгуульд ялж, төрийн эрхэнд гарсан байна. Дараа нь тэрбээр 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялж, улмаар 2014 онд хэдийгээр дахин сонгогдох эрхгүй байсан боловч улиран сонгогдсон байна. Тухайн үед Боливын Үндсэн хуулийн цэц Эво Моралесын сонгогдсон эхний жил өөр Үндсэн хууль хэрэгжиж байсан гэж үзжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ