Нийт өрхийн 76 хувь нь судалгаанд хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажил улс орон даяар 03 дугаар сарын 31-ны өдөр эхэллээ. Сүхбаатар аймагт судалгааны ажлын нээлтийг албан ёсоор хийж, иргэдээ судалгаандаа идэвхитэй хамрагдахыг уриаллаа. Тус аймгийн хэмжээнд нийт айл өрхийн 76 хувь буюу 13212 өрх энэхүү судалгаанд хамрагдана.
"2013 онд анх явагдсан судалгаанд өрхүүдийн амьжиргааны түвшинг 2-30 хүртэлх түвшингээр тогтоож байсан. Харин энэ жил аргачлалын хувьд өөрчлөгдөн илүү нарийн болж өрхийн орлогыг орлуулан тооцох аргааг амьжиргааны түвшинг тодорхойлохюм. Энэ аргаар тодорхойлохдоо тухайн өрхийн орлого, амьдралын баталгааг олон эх үүсвэрээс баталгаажуулахаараа онцлог. Мөн энэ жилийн хувьд бүх өрхүүд судалгаанд хамрагдахгүй. Манай аймгийн хувьд нийт өрхийн 76 хувь болох 13212 өрх судалгаанд хамрагдана. Эдгээр өрхүүдээ сонгохдоо бид бүх багийн засаг дарга нартай хамтарч байгаад өмнө нь судалгаанд хамрагдаж байсан, нийгмийн халамж авч байсан, 0-18 насны хүүхэдтэй, цаашдаа нийгмийн халамж үйлчилгээг авах шаардлагатай болов уу гэж үзсэн айл өрхийг сонгосон. Тиймээс дэгээр сонгогдсон айлууд маань энэ 10 хоногийн хугацаанд гэртэй заавал хүнтэй байх шаардлагатай..." гэдгийг аймгийн ХХҮГ-ын дарга Д.Гэрэлбадрах хэллээ.
Судалгааны мэдээлэл цуглуулах ажил 04 дүгээр сарын 10-ныг хүртэл арав хоног, мэдээллийг нэгдсэн санд оруулах ажил мөн арав хоног үргэлжлэх юм байна. Ингээд 05, 06 дугаар сард айл өрхүүдийн мэдээллийг баталгаажуулах ажил хийгдэнэ. Улмаар 07 дугаар сард өрхийн мэдээллийн нэгдсэн санд айл өрх бүрийн мэдээлэл бүрэн орж дуусах юм байна. Судалгааны үр дүнд нийгмийн халамж, дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхүүдийг зөв тодорхойлох юм.
2013 онд явагдсан судалгаанд нийт өрхийг хамруулах зорилтыг тавьж байсан. тухайн үед Сүхбаатар аймгийн нийт өрхийн 95 хувь нь судалгаанд хамрагдсан. Харин үлдсэн өрхүүд эзгүй байх, өрхийн хаягаа буруу өгөх, эсвэл бүр бүртгэл тордорхой хаяггүй байх зэргээс шалтгаалж үлдсэн байна.
Т. Одончимэг