"Булган-Хохирол төлөлт” нэгдсэн аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-01 18:35:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Хорих 439 дүгээр ангид хорих ял эдэлж буй ялтны гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг эрчимжүүлэхээр "Булган-Хохирол төлөлт” нэгдсэн аяныг зохион байгуулж байна.

Хорих 439 дугаар ангид хорих ял эдэлж буй 145 ялтны 855.8 сая төгрөгийн хохирол төлбөр байгаа бол эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн 35 ялтны 10.2 сая төгрөгийн төлбөр тус тус төлөгдөөгүй байгаа аж.

Төлбөртэй ялтныг ажлын байраар хангах буюу хөдөлмөрт илүү хуваарилан хохирол нөхөн төлөлт болон эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулах зорилготой аян 10 сарын хугацаатай үргэлжлэх юм байна.

Аймгийн прокурор, Хорих ангийн даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулж, нэгдсэн аяны явц, үр дүн, илэрсэн зөрчил дутагдал, цаашид авах арга хэмжээний талаарх хамтарсан зөвлөлгөөнийг сар бүр зохион байгуулж, үр дүнгийн талаар байгууллагын удирдлагуудад тухай бүр танилцуулж байхаар шийдвэрлэжээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ