Оюутан цэрэг хөтөлбөрт баруун бүсийн 150 оюутан хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-03 10:07:00

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ жилийн “Оюутан цэрэг хөтөлбөр”-ийн нээлт Ховд их сургуулийн лекцийн их танхимд боллоо.

Нээлтэд аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, Зэвсэгт хүчний 123-р ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяр, Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, дэд хурандаа Б.Ганхуяг, ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана нар оролцлоо.

Тус нээлтэнд өнгөрсөн онд тус  хөтөлбөрт хамрагдсан болон энэ онд хамрагдахаар бүртгүүлсэн оюутнууд оролцлоо.

2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан, 2016 онд 1000 оюутан хамрагдаж “Цэргийн ерөнхий бэлтгэл” болон “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт явуулж цэргийн тангараг өргөсөн юм.

Энэ  онд “Оюутан цэрэг” хөтөлбөрт 1000 оюутан хамруулах ба  2017 онд Улаанбаатар хотод 750 оюутан, Дорнод аймагт 100 оюутан, Ховд аймагт 150 оюутан хөтөлбөрт хамрагдаж байна.  Баруун бүсийн аймгууд болон Ховд Их  Сургуулиас 60 оюутан, Хөгжил политехник коллежийн 15 суралцагч, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Увс аймгаас 75 оюутан хамрагдана.

Цэргийн ерөнхий бэлтгэл шатны үйл ажиллагаа ийнхүү нээснээр хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд цэргийн ерөнхий эрдмийн 560 цагийн хичээл судалж, мэргэжил олгох сургалт 6 дугаар сарын 01-нээс 8-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 123-р ангийн сургалтын төв дээр болох гэнэ. 

Оюутан цэргүүд цэргийн анхан шатны бэлтгэлийн сургалтад хамрагдаад 8-р сарын 15-нд тангараг өргөх юм.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ