Сангийн хэрэмийн эмтэрхий туурь одоо ч нүд хужирласан хэвээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд хотод нүд хужирлах эртний түүх дурсгалын бүтээл олон бий. Үүний нэг нь Сангийн цагаан хэрэм.
Манж амбан түүний түшмэл цэргүүд байрлаж байсан Сангийн хот нь цэргийн бэхлэлтийн нэгэн адил дөрвөлжин хэлбэртэй, жан цохиж хийсэн шавран хэрэм байдаг. Хэрэм нь баруун зүүн, өмнө талдаа олон хаалгатай, дөрвөн буландаа алсын бараа харах асартай, хэрмийн гадна талаар тойрсон гол, түүгээр гарах модон гүүртэй байсан гэдэг. Ховд хот манжаас чөлөөлөгдсөнөөс хойш Сангийн цагаан хэрэм нурж, одоо зөвхөн эмтэрхий туурь үлдсэн ч их түүх агуулах “Сангийн хэрэм”-ийг хол ойрын, гадна тодны аяны хүмүүсийн нүд хужирлаж байдаг.
Сангийн хэрэм нь Ховд хотын хойд хэсэгт, төв талбайгаас 750 метрийн зайд 10.5 га газар эзлэн орших, манжийн бэхлэлтийн үлдэгдэл юм.
1762 онд баригдсан тус бэхлэлтэд манж амбаны яам байрладаг байв. Ам дөрвөлжин хэлбэртэй, шавар ханаар хүрээлэгдсэн тус бэхлэлт нь зүүн болон баруун талдаа хаалгатай, дөрвөн өнцөгтөө харуулын цамхагтай байсан гэдэг. Бэхлэлтийн эргэн тойронд шуудуу ухаж усаар дүүргээд, модон гүүрээр бэхлэлт уруу нэвтэрдэг байв.
Одоо үлдэж хоцорсон Сангийн хэрмийн хананы үлдэгдэл нь 3 м өндөр, 1.5 метр зузаантай бөгөөд тал тус бүр нь 330 метрийн урттай. Хоёр морин тэрэгтэй хүн чөлөөтэй зөрж явдаг байсан гэлцдэг. 1876-77 оны өвөл Ховд хотод очсон Оросын аялагч Потанин, хотыг энэхүү бэхлэлтийг тойрсон худалдааны суурин хэмээн тодорхойлсон байдаг. Бэхлэлтэд манж амбан амьдрах бөгөөд түүний яам, шорон, сүм хийд, дархны газар байв. Мөн Оросын газарзүйч М.В.Певцов 1878 онд Ховдод очих үед ханын өндөр нь 4.5 метр байсан гэж тэмдэглэсэн байдаг. Бэхлэлтийн өмнөд хэсэгт манж амбан, түүний яам, жас, албан байрууд болон цэргийн хуаран байрлах бол зүүн хэсэгт нь худалдааны пүүсүүд, хятадын Буддын сүм дуган, Исламын мечет байсан аж. 1912 оны 8 сарын 7-нд Жа лам Дамбийжанцан нарын удирдсан хүч Ховдыг чөлөөлж, манж амбан зугтах үеэр бэхлэлт сүйджээ.
Сангийн хотод манжийн төрийн гол хэргэмтэн Хэвэй амбан байрлаж монголчуудтай холбоотой хэргийг эрхлэн ажиллаж байжээ. Олноо өргөгдсөн Монгол Улсын VIII Богд Жавзундамба хаан 1912 оны эхээр Цэргийн яамны сайд Хатанбаатар Магсаржаваар цэрэг удирдуулан явуулснаар 1912 оны наймдугаар сарын 25-ны өдөр манж хятадыг буулган авч, 250 гаруй жилийн түүхтэй Ховд хотыг чөлөөлсөн эртний түүхийг энэ хэрэм өгүүлнэ.
А.Бямбасүрэн