Гвинейд “Эбола”-гийн халдварын гурван тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЖЕНЕВ. /TASS/. Энэ сарын 12-18-ны хооронд буюу өнгөрсөн долоо хоногт Баруун Африкийн Гвиней улсад “Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчний /ЭВҮӨ/ халдвар авсан гурван тохиолдол бүртгэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.
“Энэ сарын 18-нд дууссан долоо хоногийн хугацаанд ЭВҮӨ-ий халдварын гурван тохиолдол илэрсэн тухай мэдээ ирсэн. Үүнээс өмнөх хоёр долоо хоногт уг өвчний халдвар авсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй” гэж ДЭМБ онцлон тэмдэглэсэн байна. “Эбола”-гийн халдвар авсан гурван тохиолдлын нэг нь Гвиней улсын нийслэл Конакри хотод, хоёр нь Форекарья мужид бүртгэгджээ. Одоогийн байдлаар мэргэжилтнүүд халдвар авсан хүмүүстэй хавьтсан 256 хүний биеийн байдлыг ажиглаж байгаа аж.
Харин Сьерра-Леон улсад ЭВҮӨ-ий халдварын шинэ тохиолдол тав дахь долоо хоногтоо илрээгүй байна. Хэрэв шинээр халдвар авсан тохиолдол цаашид илрэхгүй бол тус улсыг “Эбола”-гаас ангижирсан улс болсныг 11 дүгээр сарын 7-нд албан ёсоор зарлах ажээ. Либериг ийм улс болсныг есдүгээр сарын 3-нд мэдэгдсэн билээ.
Үхлийн аюултай вирусийн халдвар тархсанаас хойш Баруун Африкт 28512 хүн халдвар авснаас 11313 нь нас баржээ.
Д.Жаргал