“Хөдөлмөр зуслан” ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-04 12:52:30

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт энэ зун “Хөдөлмөр зуслан” ажиллуулахаар болжээ. Аймгийн Засаг дарга захирамж гаргаж хүүхдэд ахмад үеийн хөдөлмөрч уламжлалыг өвлүүлэх, тэднийг хөдөлмөрч иргэн болгон төлөвшүүлэх, сургууль, иргэн, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хөдөлмөр зуслан”-г байгуулан ажиллуулахаар сургуулийн захирал нарт чиглэл өгсөн байна.

“Хөдөлмөр зуслан”-д хамруулах хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зуслангийн үйл ажиллагаанд хяналт тавих тусгайлсан журам гаргаж мөрдүүлэхийг сургууль, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,  нутгийн захиргааны байгууллагад даалгалаа.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага, сургуулийн захиргаа хамтран “Хөдөлмөр зуслан”-г ажиллуулах юм байна.

Хөдөөгийн сургуулийн сурагчид бог малын сааль сүү боловсруулах, төмс, хүнсний ногоо тариалах, арчлах зэрэг хөдөлмөр эрхэлж зуны амралтаа зугаатай өнгөрөөдөг байсан уламжлалыг сэргээх бололтой.

М.Батжаргал

Холбоотой мэдээ