Боловсролын салбарын ажлыг сайжруулах арга хэмжээ авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-05 15:48:53

Булган /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны түвшин, иргэдэд эзэмшүүлж буй боловсролын чанар, багш, ажиллагсдын мэдлэг, чадвар харилцааны соёл, ажилдаа хандах хандлага муу байгаа талаар иргэдээс удаа дараа санал шүүмжлэл, гомдол гарах болсон учраас Булган аймгийн Засаг дарга З.Батзориг захирамж гаргаж боловсролын салбарын ажлыг сайжруулах талаар арга хэмжээ авах боллоо.

Сургалтын чанарыг ахиулах, хүүхдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, гэмт халдлагад өртүүлэхгүй байх, хүүхдийн төлөвшил, харилцааны соёлыг сайжруулах, зэрэгт онцгой анхаарахыг боловсролын байгууллагын удирдлагуудад даалгажээ.

Хэрэг зөрчил гаргасан сургуулиудын захирал, мэргэжлийн сургалтын чанар, өөрийн онолын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх талаар идэвх зүтгэл, санаачлага гаргахгүй байгаа багш нарт хариуцлага тооцохоор болсон байна.

Сургуулийн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийн үр дүнг сургуулийн захирлын ажлын үнэлгээнд оруулан тооцож, цалин урамшуулалыг бууруулах эсэхийг шийдэж аж.

Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт, улсын олимпиадад үзүүлж буй амжилт тааруу, байгууллагын соёл, хамт олон төлөвшиж чадаагүй, сургуулийн орчинд гэмт хэрэг, хүүхэд хулгай, хүчингийн хэрэгт өртөж хохирсон тохиолдол нэг биш удаа гарсан, сурагчдын төлөвшил, харилцааны соёл муу байгаа зэрэг нь иргэдээс ирж буй санал шүүмжлэл гомдол үндэслэлтэй байна гэж өмнө нь боловсролын салбарт ажиллаж байсан аймгийн Засаг дарга дүгнэж байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ