Малчдад туслах хандивын аян эзэндээ хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-05 21:37:59
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Мал аж ахуйн хаваржилт, мал төлөлтийн үер гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, малчин түмэндээ сэтгэлийн дэм өгөх зорилгоор аймгийн Засаг даргын 2017 оны А/93 тоот захирамжаар “Малчдад туслах аян”  өрнүүлсэн байна.

Аяны үйл ажиллагааг дэмжиж аймгийн төвийн 26 төсөвт байгууллага, 13 сумын 52 байгууллага нийт 78 байгууллагаас 16,3 сая төгрөгийг бэлнээр төвлөрч, 11,3 сая төгрөгийн бараа материал хандиваар ирсэн гэж Төв аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл онцолсон юм.

Энэ өвөл, хаварт цас ихтэй, бэлчээрийн идэмш их хэмжээгээр буурч, мал нэлээн зүтгүүр орж, малын  тарга хүч буурч, эх мал  жилбэ муутай төллөж байгаа, гүү болон эм ямаа олноор хээл хаяж байгаа юм. Мөн Төв аймгийн Эрдэнэ, Цээл, Өндөрширээт, Заамар, Архуст, Баяндэлгэр сумдад өнөөдрийн байдлаар малын хорогдол илүү их гарч байна. Хорогдлын гол шалтгаан нь тарга хүч муу авсан, турж эцсэн, идэш тэжээлийн дутагдал, малын халдварт өвчлөл зэрэг голлон нөлөөлж байгааг албаныхан дурдсан юм.

Аймгийн хэмжээнд 11.3 мянган малчин өрхийн 4,8 сая толгой мал  хаваржиж,  2.1 сая  мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 10 хувь буюу 216.4 мянган  мал төл хүлээж аваад байна. Мөн 218.4 мянган толгой төлөөс 2004 төл зүй бусаар хорогдсон ба өнөөдрийн байдлаар 216.3 мянган толгой төл бойжиж байна.

Мөн өвөлжилт хүндэрсэн 16 сумын малчдын 2098 хүүхэд, 1474 жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 19,8 сая төгрөгийн хоол тэжээл, амин дэмийн багц тусламжийг НҮБ-ын “Хүүхдийн сан”-гаас үзүүлэв.

Үйл ажиллагааг дэмжиж хандив өгсөн сумд болон хаваржилт хүндрэлтэй нийт  16 сумдад шаардлагатай шар будаа, загасан тос, малын эм бэлдмэлийг сумдад хуваарилан гардуулан өгсөн байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ