Даац хэтрүүлж хөдөлгөөнд оролцох байдал цөөнгүй гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-06 11:53:51

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу мянганы замын босоо тэнхлэгийн дагуух Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замаар даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс гуравдугаар сарын 29-нөөс эхлэн 24 цагийн пост Сайншандын орчимд ажиллаж байна.

Хавар болж ханш нээх үеэр   авто замын хучилтын хийц гэсэж, суулт өгдөг үе үргэлжилдэг тул авто замын ашиглалт хамгаалалтад хяналт тавих зайлшгүй шаардлага гардаг аж.

24 цагийн постод  Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн төв, Авто тээврийн төвийн Замын-Үүд дэх салбар, “Дорноговь АЗЗА” төрийн өмчит компанийн ажил хариуцсан хүмүүс ажиллаж байна.

Замын-Үүдээс Улаанбаатарын чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд зөрчил гаргах нь бага байгаа бол Өргөн сумын “Сэнж сант” ХХК-иас  цемент ачсан хүнд даацын  машинууд даац хэтрүүлж хөдөлгөөнд оролцох байдал цөөнгүй гарч буй аж.

Хэдхэн хоногийн өмнө гурван ч машиныг саатуулсан тухай албаны хүн ярив. Ялангуяа жолооч нар тогтоосон маршрут өөрчилж дур мэдэн өөр замаар тээвэрлэлт хийх байдал цөөнгүй гардаг аж.

Батлагдсан журмаар бол зургаан тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 44, таван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэл 40 тонн ачаа ачих ёстой аж. 24 цагийн пост энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд ажиллана.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ