Дахин төлөвлөлтийн хүрээнд 60 айлын орон сууц ашиглалтад оров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМСүхбаатар дүүргийн VII хорооллын Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний ээлжийн 60 айлын орон сууцны барилгын түлхүүрийг өнөөдөр гардууллаа.
Ёслолын үйл ажиллагаанд Хотын дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар болон холбогдох албаныхан оролцлоо.
Хотын дарга С.Батболд ярихдаа, “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хороо хотын төвд хамгийн ойрхон бөгөөд агаарын бохирдол ихтэй бүс юм. Гэр хорооллыг орон сууцжуулах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой. “Пример Инвестмент групп” ХХК гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцаар хангаж байгаад талархал дэвшүүлье. Мөн өнөөдөр шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авч байгаа иргэддээ баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье” гэлээ.
Орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлж буй “Пример Инвестмент групп” ХХК нь жил гаруй хугацаанд эхнийхээ 60 айлын орон сууцны барилгыг хүлээлгэн өгч буй нь энэ аж. Цаашид 2.5 жилийн хугацаанд нийт 660 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа гэдгийг тус компанийн захирал Х.Ганболд онцлов.
Цаашдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг албаныхан хэллээ. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хурдан шуурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудтай үйл ажиллагааны гэрээг үргэлжлүүлж явуулахаа хотын дарга тодотгов.