Өсвөрийн шатарчид ДАШТ-д оролцохоор Грек улсыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-22 20:28:35

Грек улсад энэ сарын 24-нөөс 11 дүгээр сарын 06-нд Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын 16 эрэгтэй, 10 эмэгтэй нийт 26 өсвөрийн тамирчин оролцох юм.

Дашрамд сонирхуулахад, Өсвөрийн шатарчдын ДАШТ-д манай улс 1984 онд анх удаа оролцож ОУМ Ц.Лхагвасүрэн домогт Виши Анандтай тэнцэж, Алексей Дреев, Йоран Пикетийг нарыг хожин 5-8 дугаар байрт шалгарсан түүхтэй. Түүнээс хойш 1991 онд П.Тамир 10 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд оролцсоноос хойш жил бүр тасралтгүй оролцож байгаа юм.

Монгол Улсаас уг тэмцээнд нийт 162 тамирчин оюун ухаанаа сорьсноос ФМ Б.Ану хамгийн олон буюу 7 удаа, эмэгтэйчүүдийн ОУИМ, ОУМ Б.Мөнгөнтуул, эмэгтэйчүүдийн ОУИМ Д.Номин-Эрдэнэ, ОУМ Ц.Бат-Эрдэнэ, ОУМ Б.Анхчимэг, СМЭ Я.Батзаяа, Г.Сайханзаяа нар 6 удаа оюун ухаанаа уралдуулж байв. Энэ жил ДАШТ-д оролцож буй тамирчдаас ФМ С.Билгүүн, ФМ Э.Баасансүрэн нар 6 дахь удаагаа хүчээ үзэх юм.

Манай тамирчдаас анх 2010 онд Д.Номин-Эрдэнэ түрүүлж, 2014 онд Д.Мөнхзул залгамжилсан. Өсвөрийн шатарчдын хамгийн том уг тэмцээнээс Б.Мөнгөнтуул мөнгө, хүрэл медаль, А.Энхтуул хүрэл, Б.Мөнгөнзул, Е.Төгстөмөр нар мөнгөн медаль хүртээд байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ