Сайд нарын урсгал зардлыг бууруулахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-04-12 12:16:32

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр төсвийн тодотгол дээр төсвийн Ерөнхийлөн захирагч нарын зардлыг нэмэхээр оруулж ирснийг эргүүлэн буулгах тухай асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, 2017 оны төсвийг өнгөрсөн оны 11 дүгээр сард баталсан. Тэрхүү жишигт нь эргүүлэн аваачих тухай асуудлыг хуралдаанд оролцсон гишүүд тогтож хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Байнга хасах танах тухай асуудлыг голлон ярьж байна. Иргэдээ ажилтай орлоготой болгох асуудлыг орхигдуулж болохгүй. Тухайлбал, Япон руу дадлагажигч явуулахтай холбоотой суулгасан 280 сая төгрөгийг хасах хэрэг байна уу. Хэвээр нь батлах нь зөв байх” гэсэн байр суурьтай байв. УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар мөн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Япон руу дадлагажигч илгээх болвол зохих зардал гарч таарна гэсэн тайлбар хийж байлаа.

Ингээд сайд нарын зардлыг эргүүлэн буулгах тухай асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнгүй. Ингэхэд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, "Хүүхдийн мөнгийг хасчихаад дарга сайд нарын урсгал зардлыг нэмж байна. Төсвийн тодотголыг ОУВС-тай хийж буй хэлэлцээртэй уялдуулж хийж байгаа гэж ойлгож байгаа. Түүнээс тодотгол дээр шинэ хөрөнгө оруулалт, шинэ зардал ярихгүй байх хэрэгтэй. Үүнийг цаашид жишиг болгох нь зүйтэй" гэлээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өгч буй тайлбараар бол, Мах сүүний анхдугаар аянд 15 тэрбум, 0-5 насны хүүхдийн эмийн зардалд 1,5 тэрбум, цэргийн төв эмнэлэгт Хүүхдийн тасаг нээсний 900 сая төгрөг, Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг ашиглалд орж буйтай холбоотой 4,4 тэрбум, Баянгол дүүрэгт барьж буй эмнэлэгт 300 сая төгрөг гэх мэтээр сайд нарын урсгал зардал нэмэгдсэн аж. 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын ярьж байгаагаас үзэхэд дарга нарын урсгал зардлыг бууруулах асуудлыг МАН-ын бүлэг дэмжсэн. Ийм байтал байнгын хорооны түвшинд дэмжихгүй байж болохгүй гэв. Тиймээс дахин санал хураалт явуулахад олонхийн дэмжлэг авсан юм.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ