Кибер халдлагаас хамгаалахын тулд хиймэл оюун ухаан ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-12 17:12:02

Мэдээллийн технологи, харилцаа холбоо, өргөн хэрэглээний техник технологи, зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг IDC компани "IDC Day Roadshow-2017" уулзалтыг "Тоон хувиргалтын зам руу" сэдвийн дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулав.

Дэлхий нийтэд мэдээллийн технологи хурдацтай хөгжиж байна. Тэр хирээр кибер халдлага гарч хувь хүн, байгууллагад ихээхэн хохирол учруулсаар байгаа юм. Монгол Улсын хувьд мэдээллийн технологи, хамгаалалт хөгжлийн шатанд байгаа. Тиймээс өнөөдрийн хуралд IDC, “QUALYS”, “SAMSUNG” зэрэг дэлхийд мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тэргүүлэгч компани, дотоодын “Вертексмон”, “Секьюрити Солюшн Сервис, Консалтинг” зэрэг аж ахуйн нэгжүүд оролцож, олон улсын кибер аюулгүй байдлын туршлага, хамгаалалтын сүүлийн үеийн дэвшилтэт технологи зэргийг танилцуулав.

Өнгөрсөн онд дэлхий нийтэд хэд хэдэн томоохон захиалгат кибер халдлага гарсан талаар IDC компанийн Төв Ази, Азербайжан болон Монголын бүс нутгийг хариуцсан захирал Андрей Беклемишев илтгэлдээ дурьдав.

Тухайлбал, БНХАУ-ын хакерууд Тесла Моторс компанийн Автомат машины систем рүү нэвтэрчээ. Мөн 2016 онд гар утасны “Mobile Bank”-ны системийг хакердаж, хувь хүний болон банкнуудын санхүүгийн аюулгүй байдалд заналхийлэх болсон байна. Түүнчлэн Бангладешт хакерууд 81 сая ам.доллар хулгайлах гэж байсныг хамгаалалтынхан шуурхай илрүүлж таслан зогсоосон зэргээр жишээ татсан юм.

Тэрбээр, “Хөгжингүй улс орнуудын мэдээлллийн технологи хэрглэгч иргэдийн 80 хувь нь кибер халдлагад өртөх магадлалтай байгаа юм. Тиймээс интернэтийн төхөөрөмж үйлдвэрлэгчид аюулгүй байдлыг хангах чиглэлд түлхүү анхаарч байгаа. Ирэх онд дэлхийн аж ахуйн нэгжүүдийн 70 орчим хувь нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд хиймэл оюун ухаан ашиглана гэсэн тооцоолол бий” хэмээв.

Мөн үеэр IDC компаний Европ, Ойрхи Дорнод болон Африкийн (EMEA) бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Стивен Францен мэдээллийн технологийн хөгжлийн талаар илтгэл тавив.

Тэрбээр, “Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлснээр бүтээмж, үр дүн, орлого нэмэгддэг. Тиймээс 2018 он гэхэд дэлхий нийт цахим системд шилжихийн тулд 2.2 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоолол бий. Үүний дүнд 2020 он гэхэд ихэнх аж ахуйн нэгжүүд орлогынхоо 50 хувийг цахим үйлчилгээгээр олдог болно. 2016 онд европын компаниудын 80 хувиас дээш нь цахим системд шилжиж эхэлсэн. 2019 онд 100 хувь шилжинэ.

Ихэнх байгууллага үндсэн үйл ажиллагаандаа чиглэсэн хөрөнгө оруулалтад төвлөрдөг байсан бол одооноос хөрөнгөө цахим хэлбэрт шилжихэд зарцуулдаг болох хандлага ажиглагдаж байгаа. Аж ахуйн нэгжүүд цахим системд шилжихийн тулд удирдан зохион байгуулах хүмүүсээ бэлдэх нь чухал. Мэдээллийн технологийн хөгжлийн дөрөвдүгээр үе шат эхэлж байна. Энэ шат нь технологийн хөгжлийг хүний бие мах бодийг сэргээхэд ашиглаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хиймэл эрхтэн суулгах гэх мэт. 2020 он гэхэд энэ чиглэлд үсрэнгүй хөгжих болно. Тухайн үед АНУ-ын ажлын байрны 45 хувь нь автомат болсон байна гэсэн тооцолол гарсан” гэлээ.

Түүнчлэн “Секьюрити Солюшн Сервис, Консалтинг” компанийн ерөнхий зөвлөх Т.Халтар “Байгууллагуудад зориулсан цахим шилжилтийн зураглал” сэдвээр илтгэл тавив.

Монгол Улс мэдээллийн технологи, цахим орчинг хөгжүүлэх, ухаалаг засаглал байгуулах тухай ярих болсон. Аж ахуйн нэгж хэдэн компьютер худалдаж аваад  интернетэд холбоод л цахим байгууллага боллоо гэж ярьдаг нь эндүүрэл хэмээн илтгэлийнхээ эхэнд онцолсон юм.

Тэрбээр, “Монголын аж ахуйн нэгжүүд дэлхийн түвшинд өрсөлдөж чадахгүй байгаа нь цахимжаагүйтэй холбоотой. Интернетээр дамжуулаад улс, тив алгасаж харилцаж, худалдаа хийх боломж байхад түүнийгээ ашиглаж чадахгүй байгаа нь цахимжаагүйн илрэл. Дэлхий нийтэд мэдээллийн технологи хөгжихийн хирээр Монголын аж ахуйн нэгжүүдийг ч мөн цахимжихыг шаардаж байгаа. Одоогоор арилжааны банкууд л цахимжиж эхэлж байгаа юм. Байгууллагууд цахимжихдаа нэн тэргүүн хэрэглэгчээ бэлтгэх хэрэгтэй. Саяхан Монголд тоон гарын үсэг бий болсон. Гэтэл иргэд тоон гарын үсгийг хэрхэн ашиглах талаар ямар ч мэдлэггүй. Тиймээс ашиглаж чадахгүй, замбараагүй байгаа юм. Монголын байгууллагууд цахимжихад эрх зүйн орчин ч дутмаг байна. Олон жилийн өмнө батлагдсан Харилцаа холбооны хуулийг шинэчлэхгүй байгаа. Энэ хуулийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хууль болгон шинэчлэн батлах хэрэгтэй” гэлээ.

Дараа нь хуралд түншээр оролцож буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ танилцуулав.

Аж ахуйн нэгжүүд мэдээллийн аюулгүй байдалдаа ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа ч кибер халдлагыг зогсоож чадахгүй байгааг “QUALYS” компанийн Зүүн Европ, Кавказ болон Төв Азийн орнуудыг хариуцсан захирал Павел Сотников илтгэлдээ дурьдлаа.

Одоогоос 10 жилийн өмнө АНУ-ын аж ахуйн нэгжүүд Засгийн газартаа кибер аюулгүй байдлаас өөрсдийгөө хамгаалах чиглэлд туслалцаа үзүүлэх хүсэлт гаргажээ. Энэ хүрээнд АНУ-ын Засгийн газраас нэн тэргүүнд ямар мэдээллийг хамгаалахаа тодорхойлж, түүнд хяналт тавих зэрэг мэдээллийн технологийн эрсдлийн хяналтын 20 зөвлөмж боловсруулсан гэлээ.

Түүнчлэн, “Байгууллагууд мэдээллээ хамгаалах зорилгоор олон төрлийн хамгаалалтын систем суулгадаг. Гэвч олон төрлийн системийг нэг дороос удирдахад хүндрэлтэй байдаг. Тиймээс манай компани энэ бүхнийг цогцоор нь шийдвэрлэх системийг санал болгож байгаа. “QUALYS” нь дээр дурьдсан 20 төрлийн зөвлөмжийн дагуу бүтээсэн хамгаалалтын систем. Бид үйлчлүүлэгч байгууллагын сүлжээн дэх бүх мэдээллийн тооллогыг хийж, сул талыг илрүүлж, тэрэнд нь тохирсон шийдлийг боловсруулдаг” гэв.

2020 онд интернет орчинд гар утас, таблет зэрэг 50 тэрбум төхөөрөмж холбогдоно гэсэн судалгааг “Вертексмон” компанийн Ерөнхий захирал Ө.Батмөнх танилцуулсан.

Сүүлийн жилүүдэд гар утасны хэрэглээ нэмэгдэж, бизнесийн зарим үйл ажиллагааг ч утсаар явуулах болсон. Үүнтэй холбогдуулан 2014-2017 онд гар утсанд зориулсан вирусын тоо 96 хувиар нэмэгджээ. Гэвч нийт гар утас хэрэглэгчдийн 99 хувь нь хамгаалалт ашигладаггүй гэсэн судалгаа гарчээ. Үүний шалтгаан нь иргэд олон хамгаалалтын системээс алийг нь сонгож, хэрхэн ашиглахаа мэддэггүйтэй холбоотой юм. Тиймээс мөн л бүх хамгаалалтыг нэгтгэсэн хялбар систем шаардлагатайг онцлов.

Тэрбээр, “Монголын аж ахуйн нэгжүүд оффиссын компютерт вирусны программ суулгахад л хангалттай гэж үздэг. Гэхдээ энэ хангалтгүй. Эрчимтэй хөгжиж буй өнөө үед зөвхөн вирусны программаар бүхнийг шийдвэрлэх боломжгүй. Сүүлийн жилүүдэд дотоод сүлжээнээс гадна үүлэн тооцоолол болон гар утасны интернет орчинг ихээхэн ашиглах болсон. Үүлэн тооцоолол гэдгийг энгийнээр тайлбарлавал хэрэглэгч өөрийн хэрэгцээт программ хангамж, өгөгдлүүдээ хамгаалалтын мэргэшсэн байгууллагын интернет серверт байрлуулж ашиглах юм.

Тэгэхээр үүлэн тооцоолол болон гар утасны кибер халдлагаас хамгаалах нь туйлын чухал. Тиймээс “CheckPoint” компани дотоод сүлжээ, үүлэн тооцоолол болон гар утасны бүх системийг нэгтгэж, аюулгүй байдлыг хангах R80 систем үйлдвэрлэсэн юм. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт систем” гэлээ.

Самсунг Электроникс компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын B2B хариуцсан ахлах мэргэжилтэн М.Бадрах тус байгууллагаас гаргаж буй мэдээллийн технологийн хамгаалалтын “Knox” системийг танилцуулав. “Knox” нь гар утасны хувийн болон ажлын хэрэглээг салгах workspace, premium, зөвхөн сонгосон файл, апплекейшнээ хамгаалах enabled app болон байгууллагын таблетыг удирдах боломж бүхий customization гэсэн дөрвөн төрөлтэй аж. “Knox” нь нийт 26 оронд шилдэг хамгаалалтын системээр шалгарсан байна.

Уулзалтад төрийн болон хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөл оролцсон. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах олон арга хэмжээ зохион байгуулдаг. Харин өнөөдрийн хуралдаан салбарын өмнө тулгамдсан асуудал, түүний гаргалгаа, кибер халдлагаас хамгаалах боломжийн талаар танилцуулснаараа бусад арга хэмжээнээс онцлог байсныг хуралд оролцогчид онцоллоо.

Уулзалтын мэдээллийн түншээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ажиллав.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ