Төмөр замаар овоглодог сургууль 60 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-12 19:01:17

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тус сургуульд ихэвчлэн  төмөр замын ажилчдын хүүхдүүд суралцдаг. 

Анх 1957 онд  бага сургууль болон шаваа тавьж, 1961 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 7 дугаар сарын 11-ний тогтоолоор долоон жилийн сургууль,1961 оны 09 дүгээр сарын 01-нээс 324 сурагч, 118 пионер, 13 багш, зургаан ажилчин, захирал, хичээлийн эрхлэгч, коминдат гэсэн 22 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ.

2004 оны улсын шилдэг менежменттэй сургууль, 2006 оны улсын тэргүүний сургууль болж байснаас гадна үйл ажиллагаагаараа аймагтаа арваад удаа тэргүүлсэн байна.

Одоо тус сургууль 800 гаруй сурагчтай. Жилд 70 гаруй сурагч ахлах ангиа төгсдөг бол 100 гаруй хүүхдийг шинээр нэгдүгээр ангид хүлээн авдаг аж.

Тус сургуулиас 2016 оны Бразилын Рео де Женерогийн паралимпийн  хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Б.Ууганхүү төрөн гарчээ.

Түүхт сургуулийн 60 жилийн ойгоо угтаж багш сурагчид түүхэн ном, баримтат кино бүтээж буйгаас гадна сургуулийн засвар тохижилтын ажлыг гүйцэтгэж байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ