Дарханы охин “Өвлийн тусгай олимп”-оос хос медальтай иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2017-04-16 19:21:44
Дархан-Уул/МОНЦАМЭ/ Тус аймгийн Засаг дарга С.Насанбат Дархан сумын “Энэрэл” цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч Н.Уянгыг хүлээн авч уулзав. Сурагч Н.Уянга нь энэ оны гуравдугаар сарын 14-25-ны өдрүүдэд Австри Улсад болсон “Дэлхийн тусгай олимпийн өвлийн наадам”-д оролцож алт, мөнгөн мядальтай эх орондоо эргэж ирсэн юм.
Уулзалтын үеэр “Олимпид гүйлтийн цанын 50 м төрөлд алт, 100 м-ийн төрөлд мөнгөн медалийн эзэн болж Монгол Улсын анхны алтан медалийн эзэн болсноор улс эх орон цаашлаад Дархан хотынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж чадсанд нь талархаж байгаагаа аймгийн Засаг дарга С.Насанбат илэрхийлээд аймгийн “Засаг даргын хүндэт жуух”-аар  шагнасныг гардууллаа.
Австри улсад болсон өвлийн тусгай олимпийн наадамд Монгол Улсаас 14 тамирчин оролцсон. Н.Уянга нь 2016 оны үндэсний аварга шалгаруулах өвлийн олимпоос цанын төрлөөр алтан медаль хүртэж уг тусгай олимпийн өвлийн наадамд оролцох эрхээ авчээ. Түүний оролцсон тусгай олимп нь зун, өвлийн олимпоос дутахааргүй дэлхийн хэмжээний томоохон спортын наадам юм. Уг наадамд 107 орны 2700 гаруй тамирчин өвлийн спортын есөн төрлөөр оролцсон байна.
Энэхүү наадамд 1100 дасгалжуулагч, 3000 сайн дурын ажилтан, 1200 хүндэт зочид, 5000 гэр бүлийн гишүүд, дэмжигчид, 800 гаруй хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, 800 конгресс, засгийн газрын төлөөлөл оролцжээ.
Түүнийг энэхүү амжилтыг гаргахад нь олон талаар тусалж дэмжсэн байгууллага бол “JCI Дархан салбар”-ын хамт олон юм. Тус байгууллага нь "Ялалт байгуулахад чинь бид тусалъя " төслөө 2015 оноос эхлэн гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлсэн “Авьяас” хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн гэлээ. Төслийн зорилго нь спортоор дамжуулж оюуны бэрхшээлтэй хүүхэд залууст урам зориг өгч тэдний эцэг эхэд итгэл найдвар төрүүлж бидний нэгэн адил гэдгийг мэдрүүлж нийгэмшүүлэхэд спортоор дамжуулан нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхэд чиглэгджээ. Уг төслийн цар хүрээ өргөжиж ирэх тавдугаар сарын 13-14 ны өдрүүдэд “Төвийн бүсийн тусгай олимп”-ийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна.
                                                                                                                                                      Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ