Ахмадын аварга шалгаруулах волейболын тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-17 21:46:37
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, ахмад тамирчин Ц.Алтанхишигийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн ахмадуудын аварга шалгаруулах волейболын тэмцээн түүний төрсөн нутаг Баянгол суманд амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээн 16 дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ жил ноднин жилийнхээс нэг дахин илүү баг оролцсоноороо онцлогтой болжээ. Жил ирэх тутам тэмцээнд оролцох тамирчин ахмадуудын тоо өсөн нэмэгдэж байгаа нь хөдөлгөөн эрүүл, урт наслахын гол түлхүүр гэдгийг баталж байгаа аж. Залуу тамирчдаа бэлдэх, тэдэнд үлгэл дууриал үзүүлэх, арга туршлагаа өвлүүлэх зорилго бүхий тус тэмцээнд Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал, Хэрх, Сайхан, Орхон, Орхонтуул сумдын эрэгтэй 6, эмэгтэй 7 багийн нийт 104 тамирчин оролцож авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Ингээд ахмадуудын волейболын аймгийн аварга багаар эрэгтэйчүүдээс Мандал сумын баг шалгарч удаах байруудад Мандал сумын Хэрх тосгон, Баянгол сумын багууд орсон байна. Харин эмэгтэйчүүдээс Сүхбаатар сумын баг аваргалж, Орхон, Орхонтуул сумдын баг удаалжээ. Тэмцээний шилдэг довтлогчоор Сүхбаатар сумын н.Одмаа, Мандал сумын н.Баасанхүү, тэгш довтлогчоор Баянгол сумын н.Эрдэнэбаатар, Орхонтуул сумын н.Нарантуяа, шилдэг холбогчоор Хэрх тосгоны н.Цэвээн, Орхонтуул сумын н.Амаржаргал нар тодорсон байна. Тус тэмцээний бас нэг онцлог нь Олимпын наадмын журмаар дараагийнхаа болох газрын товыг зарлан өндөрлөдөг уламжлалтай. Ингээд энэхүү тэмцээн ирэх жил Орхонтуул сумын Рашаант тосгонд БТС-ын тэргүүний ажилтан, ахмад тамирчин Б.Нарантуяагийн нэрэмжит болгон зохион явуулахаар хүлээн авсан байна.
Ч.Отгонцэцэг 
Холбоотой мэдээ