Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлж амьжиргааг дээшлүүлнэ

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunzaya@montsame.mn
2017-04-18 14:10:09
 
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд уугуул иргэд ба нутгийн нөхөрлөлийн газар ашиглах эрхийн баталгаажилтыг 2020 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж буй  юм. 

Харин манай улсын хувьд орон нутгийн малчдын нөхөрлөлийн бэлчээр ашиглах зүй ёсны эрхийг 2020 он гэхэд холбогдох хууль тогтоомж гарган, зохих ёсоор хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай гэсэн зорилт дэвшүүлжээ.  
 
БОАЖЯ болон бусад төрийн бус байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран энэ сарын 20, 21-нд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг зохион байгуулах юм байна. Энэхүү арга хэмжээ нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд орон нутагт байгаа нөхөрлөл, хамтлаг, бүлгүүдийг дэмжихэд чиглэдэг аж.

Дээрх чуулганыг угтан  “Ой, бэлчээрийн эдэлбэр харилцааны асуудал: нутгийн иргэдийн нөхөрлөл, бүлгийг дэмжих нь” сэдэвт үндэсний хэмжээний уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтын үеэр “Байгалийн баялаг, үүний дотор бэлчээрийн газар дээр суурилсан хөгжил нь Монгол орны амьдралын хэвшил, эдийн засгийн суурь юм. Иймээс  ой, бэлчээрийн эдэлбэр харилцааны системийг зохистой хэрэглэх, нутгийн иргэдийн нөхөрлөл, бүлгийн газар, бэлчээр байгалийн нөөц ашиглах эрх зүйн үндсийг бэхжүүлэх, уламжлалт зүй ёсны эрхийг бүртгэн баталгаажуулах, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бүрдүүлж амьжиргааг дээшлүүлэх зэрэгт онцгой анхааран ажиллах хэрэгтэй байгааг Байгаль орчин ба хөгжлийн “Жасыл” холбооны төлөөлөлч Х.Ыханбай онцлов.  

Тус уулзалтаар  салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд ой, бэлчээрийн газрын эдэлбэрлэх харилцааны асуудлаар санал солилцож, цаашдын үйл ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцсэн юм. 
Б.Заяа 
Холбоотой мэдээ