Ц.Ганзориг: “Дэлхийн Зөн”–гийн 90 хувь нь хөгжил, 10 хувь нь халамж руу чиглэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-20 10:41:43
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/. “Дэлхийн Зөн” ОУБ-ын “Эрдэнэт–Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийн зохицуулагч Ц.Ганзоригтой ярилцлаа.
-Миний амьдралыг өөрчилж, тусалж дэмжсэнд баярлалаа. Одоо биеэ дааж амьдрах цаг минь ирсэн. Энэ өдрөөс эхлээд “Зөнгийн хүүхэд”  гэсэн “харьяалалд” хамрагдахгүй боллоо гэж хэлээд танайхаас туурга тусгаарласан айл өрх олон байна уу?
-Байгаа. Зөвхөн Эрдэнэтэд 50 гаруй өрх өөрсдийн сайн дураар манайхаас гарсан. Өөрөөр хэлбэл, танай байгууллагын дэмжлэггүйгээр цаашид амьдралаа авч явж чадна, олон жил дэмжиж, тусалж, хөгжүүлж байсанд баярлалаа гэж хэлээд “туурга тусгаарласан” өрх айл бий. Хүүхдүүд нь ч “Зөнд харьяалагддаг” гэдгээ нууж эхэлдэг юм билээ.
Энэ бол хувь хүний бардам зангаас гадна манай байгууллагаас олж авсан олон мэдлэгийн хүрээнд ийм итгэлийг олж авсан байдаг. Бидний зорилго Хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө чиглэсэн байдаг. Энэ зорилгыг хэрэгжүүлэх, амьдралынхаа мөрдлөг болгохоо ухамсарласан өрх айл, иргэд туурга тусгаарлаж цаашид сайн дураараа ямар ч цалин, урамшуулалгүйгээр бидний ажилд тусалж байдаг. Ийм сэтгэлтэй, санаачлагатай иргэд олон байгаасай гэж манай байгууллага хүсдэг.
-Тэгвэл танай харьяалалд байнга байхыг хүсдэг хүн олон байна уу?
-Олон. Гэхдээ энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Халамж, хөгжил хоёр өөр. Бидний үйл ажиллагааны 90 хувь нь хөгжил, 10 хувь нь халамж байдаг. Тиймээс хүүхэд, өрхөд чиглэсэн хөтөлбөр бол Хөгжлийн төлөө юм. Гэтэл иргэд 10 хувийн халамжийг хараад ямар нэг материаллаг зүйл хүртэхийн тулд манайд харьяалагдахыг хүсдэг. Бид хүний хэрэгцээ шаардлагыг харгалзаж бага зэргийн халамж өгдөг. Харин цаашид хэрхэн биеэ дааж амьдрах вэ, эрсдэлд өртөхгүйн тулд өрх юунд бэлэн байх ёстой вэ, хүүхдийн эрх, хамгааллын төлөө юу хийж чадах вэ, гэр бүлийн боловсрол яагаад миний амьдралд чухал вэ гэдгийг ойлгох, ойлгуулахад манай байгууллагын үйл ажиллагаа чиглэж байдаг.
Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутам хийж буй ажлын 90 хувь нь өрх, хувь хүн, хүүхэд, улс орны хөгжлийн төлөө байдаг. Хөгжил бол өөртөө байхгүй зүйлийг бий болгох, цаашид будсын төлөө хийх чадалтай болох тухай л ярьж байгаа юм.
-Гэхдээ нийгэм та нарыг халамжийн байгууллага гэж хардаг шүү дээ?
-Тийм ээ. Энд бидний буруу бий. Харин одоо үүнийг өөрчлөхийн төлөө ажиллаж байна.
-Нэгэнт тогтсон хандлагыг өөрчлөхөд хэцүү байдаг. Ялангуяа 20 гаруй жил үйл ажиллагаа явуулсан танай байгууллага Хүүхдийн хөгжлийн төлөө ажилладаг гэж одоо хэлэхэд ойлгох болов уу? Тусламж, дэмжлэг хайсан хүнд биш, Мэдлэг, боловсрол хайсан өрх, хувь хүнд тусалдаг гэдгээ яаж ойлгуулах вэ?
-Бид одоогоор ойлгуулж чадахгүй байна. Үүнийгээ нуугаад яахав. Бид анхнаасаа мэдээлэлдээ анхаарсангүй. Өөрсдийгөө нийгэмд зөв ойлгуулахын төлөө мэдээлэл бэлтгэсэнгүй. Энэ бидний алдаа байх. Одоо халамжийн биш хөгжлийн байгууллага гэж хэлээд ч иргэд ойлгохгүй байна. Ойлголтын энэ зөрүү заримдаа ажилд маань тээг болдог.  Өнгөрсөн хугацаанд гадна, дотны сайн туршлага, аргуудыг монголын хөрсөнд буулгалаа. Амжилттай бас амжилтгүй хэрэгжсэн зүйлүүд бий. Гэхдээ л бид туршлага хуримтлуулсан. Туршлагаас хуримтлуулсан мэдлэгээ ойлгуулах хэрэгтэй байгаа. Мөн цаашид “Дэлхийн Зөн” –ийн үйл ажиллагааг хэнд шилжүүлэх вэ гэдэгт анхаарч байна. Хүүхэд бүрийн бүрэн дүүрэн амьдралын төлөө Төр ажиллах уу, иргэд  үү эсвэл  өрх гэр үү ? Энэ бидний дараагийн зорилт.
-Тэгвэл 90 хувийн хөгжлийнхөө  талаар яриач ?
-Бид олон улсын аргачлал дээр үндэслэж монголын нөхцөлд тохирсон хөтөлбөрөө боловсруулдаг. Жишээ нь 10 –аад жилийн өмнө Гэр аргачлал гэж хийсэн. Үүнийг амжилттай хэрэгжүүлсэний үндсэн дээр зорилтот бүлгийн хөгжил, хамгааллын Үндэсний хөтөлбөр боловсруулсан. Мөн өрхийн даван туулах “Төгсөлт” гэдэг аргачлал байна. Энэ нь гурван жилийн хугацаатай. Энэ хугацаанд өрхийн амьжиргааны түвшин дээшилж “амьдралын сургуульд” орж байгаа гэсэн үг юм.
-Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж ярьвал олон зүйл хэлэх байх.  “Дэлхийн Зөн” монголын хөгжилд ямар хувь нэмэр оруулсан  гэж та бодож байна вэ?
-Монгол Улсын хөгжлийн тодорхой орон зайг бид нөхөж яваа.Төрийн байгууллага болон хэн нэгний хийгээгүй  орон зайг нөхөж, дүүргэсэн гэж бодож байна. Одоо энэ орон зайг иргэдээр өөрсдөөр нь дүүргэх зорилт тавьж байгаа. Тодруулбал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Харин үр дүнгийн талаар ярьвал их зүйл бий.
-Жишээ нь Эрдэнэт хот, хувь хүний хөгжил, өрх гэрт ямар өөрчлөлт бий болгов?
-Хүүхэд гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрах ёстой. Бид хүүхэд бүрийн амьдрал, хөгжлийн төлөө анхаардаг. Хүүхдийг анхаарахын тулд гэр бүл, эцэг, эх, өрх гэрийн эдийн засгийн чадавхи хамааралтай байдаг. Иймд гэр бүлд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулсан. Жишээ нь гэр оронгүйгээс шалтгаалж өрхийн гишүүд тал, тал тийшээ “явж” байхад нь нэгтгэх зорилгоор “Гэрээр бэлэг баръя” төсөл хэрэгжүүлж Орхон аймгийн 400 гаруй өрхийг орон гэртэй болгосон. 500 гаруй өрх амьдрах нөхцөлөө сайжруулахад нь дэмжлэг болгож байшин барих материалаар хангасан. Мөн урлагаар дамжуулж нийгэмшүүлэх зорилгоор хүүхдийн найрал дууны хамтлаг, зургийн дугуйлан хичээлүүлсэн. Хүүхдийн сэтгэлийн хямрал, гэмтлийг эмчлэх зорилгоор урлагийн боловсрол олгож эхэлсэн. Үүний үр дүнд хүүхдүүд бусдыг хайрлах, өөртөө итгэх, авъяас чадвараа нээж байна. Түүнээс гадна сургууль завсардан хүүхдүүдийг Албан бус боловсролоор дамжуулж хүүхдийн асуудлыг шийдсэн. Энэ төсөл дээр суурилан “Насан туршийн боловсрол төв”-ийг үүсгэн байгуулсан. Энэ зөвхөн Эрдэнэт хотод хийгдсэн ажил биш. Монгол Улсын хэмжээнд салбараараа дамжуулж хийсэн ажил байгааг бас ойлгох хэрэгтэй. Жишээ нь Монгол Улсад Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс бий болсон. Гэр бүл, хүүхдийн асуудлыг тусад нь салгаж авч үзэж болдоггүй. Иймд төсөл хэрэгжүүлэх замаар шийдвэр гаргагчдад ойлгуулах Төрийн Нэгдсэн Институтийг бий болгоход чиглэгдэж байсан.
-Цаашид цэгцэлмээр, өөрчилмөөр ажил юу байна вэ?
-Асуудал олон байна. Одоо идэвхтэй буюу өөрийнхөө төлөө бүтээлч, хүчтэй байж чадах орон нутгийн иргэдийг бий болгох нь бидний дараагийн зорилт. Хүүхэд хамгаалал нь өрхийн амьжиргааны түвшин, гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэгдэж байна. Эдгээр асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоо маш чухал. Түүнээс биш төр, олон улсын байгууллага ажиллаад, ажиллаад үүнийг шийдэж чадахгүй.
-Товчхондоо, та “аминдаа арчаатай хүн, өрх”-ийн талаар яриад байна аа даа. Ийм хүн олон болж байна уу?
-Шууд хэлэхэд, арчаагүй хүний амьдрал дорой байна. Монгол хүний сэтгэлгээ бүх зүйлийг бэлэнчлэх. Энэ сэтгэхүйг өөрчлөх маш хэцүү. Өөрчлөхийн тулд олон хүн хамтрах ёстой.
-Өөрчлөлтийг хаанаас эхлүүлэх нь зүйтэй вэ?
-Гэр бүлээс. Нийгмийг бүрдүүлэгч анхан шатны нэгж нь гэр бүл. Гэр бүл ямар байхаас хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг. Иймд гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор манай байгууллага нөлөөллийн, мэдлэг, хандлагын чиглэлээр ажиллаж байна. Ингэснээр гэр бүлийн үүрэг, хариуцлага нэмэгдэх юм.
Б.Оюун-Эрдэнэ
Холбоотой мэдээ