“Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” үзэсгэлэн нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-04-20 15:13:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр амьд сэрүүн байсан бол 55 насны сүүдэр зооглох байв. Энэ өдөр түүний ах С.Баяр, дүү С.Оюун болон “Зориг” сангийнхан, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь хөшөөнд нь цэцэг өргөсөн бол Монголын Үндэсний музейд амьдрал ахуйгаас нь сэдэвлэсэн үзэсгэлэнг нээв.
 
“С.Зориг агсны 55 насны ойн үзэсгэлэн”-д түүний амьдралын торгон мөчүүдийг өгүүлсэн түүхэн зураг, дүүдээ бичсэн захидал, түүний тоглож байсан шатар, хослол, цүнх зэрэг 100 гаруй  эд, өлгийн зүйлийг дэлгэжээ.

Тэрбээр 1981 онд ОХУ-ын Москва хотод сурч байхдаа төрсөн дүү С.Оюундаа бичиж байсан захидалдаа, “Бүтэн гурван сар хэнээс ч захиа аваагүй байж байгаад  нэгэн зэрэг гурван захиа авч хагартлаа  баярлалаа. Тэгээд баярлаж гүйж байгаад  ванны өрөөний хаалганд хуруугаа хавчуулчихдаг юм байна...” хэмээн үйлдэл нэг бүрээ гаргацтай гэгч нь бичиж илэрхийлсэн байв.



Энэхүү захидлын талаар түүний дүү С.Оюун хэлэхдээ, “Тухайн үед интернет гэж байсангүй. Бид бие биендээ захидал их бичдэг байлаа. Ах маань Москвагийн их сургуулийн улс төр судлал, тухайн үеийн хэллэгээр шинжлэх ухааны коммунизмын онолоор суралцдаг байсан. Ах минь 20 гаруй настай улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй олон зүйл бодож явсан нь бичиж байсан захидлаас нь харагддаг” хэмээн дурсан ярив.

“Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн сануулсан тус үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл олны хүртээл болно.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ