Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганд Ховд аймгаас 20 гаруй хүн оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-25 09:46:38
Ховд/МОНЦАМЭ/ Энэ оны 04 сарын 21-ний өдөр Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний  хоёрдугаар чуулган Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордоны Их танхимд зохион байгуулагдлаа. Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯам, Нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран ажилласан байна. Тус чуулганд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулган”-д 21 аймгийн Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцсон бөгөөд Ховд  аймаг  өмнөх  өдрийн үзэсгэлэнд оролцсон 22 хүний бүрэлдэхүүнтэй  оролцов.

Чуулганы үеэр Ховд аймгийн Засаг дарга асан, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг  чадавхижуулах боломж, зарим арга замын талаар илтгэл тавьж  Нөхөрлөлийн дотоод  засаглалыг сайжруулах, менежментийн төлөвлөгөөгөө  үр дүнтэй  хэрэгжүүлэх,  нөхөрлөлийн гишүүдийн орлого болон дундын сангийн санхүүгийн  эх  үүсвэрээ нэмэгдүүлэх,  төрөөс  үзүүлэх  дэмжлэгийн  хүрээг  өргөтгөх  талаар нөхөрлөлийн гишүүдэд  шинэ мэдээлэл  хүргэлээ.
Тус чуулганы үеэр “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн хуримтлуулсан туршлага, ололт амжилт, тулгамдаж буй асуудлууд”, “Нөхөрлөлүүдийг  чадавхижуулан  хөгжүүлэх, үйл ажиллагааг  нь  дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого зорилт,  арга зам”, “Байгаль хамгаалах  үйл ажиллагаанд оролцогч талуудын цаашдын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, ойрын болон дунд  хугацааны  зорилтуудыг тодорхойлох”  гэсэн  3 хэсэгт  хуваагдан илтгэлээ хэлэлцүүлсэн юм. 
Орон нутаг дахь байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүд  өөрсдийн  тулгамдсан асуудал, санал хүсэлтээ  уламжиллаа. Тодруулбал, Ховд аймгаас гэхэд нөхөрлөлүүдийн хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл бага, борлуулалт удаан, ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүн хадгалах, нөөцлөх боломж муутай  байдаг ажээ.  Мөн ченжүүд малчдаас авсан бүтээгдэхүүний үнийг хэд дахин өсгөж зардаг гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа. Тэгвэл Дархан уул аймгийн нөхөрлөлийн гишүүн “ Аймгийнхаа  иргэдэд  Эмийн ургамлын зүй зохистой хэрэглээний  заавар, зөвлөмжийг  иргэдэд  хүргэх зорилготой сургалт  зохион байгуулахад  дэмжлэг  үзүүлэн хамтран ажиллах”-ыг  хүссэн бол Увс аймгийн нөхөрлөлийн гишүүн “Ангийн тусгай зөвшөөрөл олгох, төлбөр хураамж, торгуул, Байгалийн нөөц ашигласаны төлбөрийг зохицуулах  хуулинд өөрчлөлт  шинэчлэлт  оруулах шаардлага байна” гэж байв. 
 
Хоёрдугаар  чуулганы зорилго нь  улсын  хэмжээнд  Байгал хамгаалах нөхөрлөлүүдийн  хөгжлийн өнөөгийн байдлыг  тодорхойлох,  тулгамдаж буй асуудлыг  шийдвэрлэх  чиглэлээр  байгалийн нөөцийн хамтын менежментэд  оролцогч бүх  талуудын  хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах,  байгаль хамгаалах ажлын цаашдын бодлого, зорилтуудыг  тодорхойлох, зөвлөмж гаргах, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн  Үндэсний анхдугаар чуулганаас  хойш өнгөрсөн хугацаанд  хийж  хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнг  танилцуулах зорилготойгоор өрнөсөн юм.  
А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ