Мянганы сорилтын компакт гэрээний санхүүжилтээр Улаанбаатарын усан хангамжийг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-26 20:51:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулах “Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламж, түүний гүйцэтгэлийн тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Мөнх-Оргилд олголоо.

Хэлэлцээрийг энэ сард багтаан байгуулснаар Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, холбогдох судалгааны ажлыг зургадугаар сар гэхэд цаг алдалгүй эхлүүлэх боломж бүрдэнэ. Мөн ТЭЗҮ-ийн эцсийн тайланг 11 дүгээр сард хүлээлгэн өгч, ирэх оны эхний улиралд багтаан Компакт гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Хэлэлцээр нь долоон зүйл, дөрвөн хавсралттай бөгөөд гэрээ боловсруулах, хэрэгжилтийн анхан шатны бэлтгэлийг хангахад талууд ямар үүрэг, хариуцлага хүлээх, санхүүжүүлэх арга хэмжээ, татвараас чөлөөлөх, бусад нөхцөлийг тусгажээ.

Мянганы сорилтын корпорацийн үйл ажиллагааны хүрээнд газрын доорх эх үүсвэрээс Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, цэвэрлэсэн бохир усыг үйлдвэрлэлийн зориулалтаар дахин ашиглах, усны салбарт бодлогын болон институцийн шинэчлэл хийх, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг боловсруулна.

Харин Засгийн газрын гэрээлэх үйл ажиллагаагаар гэрээний хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах, худалдан авах ажиллагаа хариуцсан төлөөлөгчийг ажиллуулахтай холбоотой зардлыг буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Мөн Компакт гэрээг хэрэгжүүлэгч нэгж байгуулах зардлыг хариуцах юм. Эдгээр үйл ажиллагаанд шаардлагатай нийт 10 сая 500 мянган ам.долларыг бүхэлд нь Мянганы сорилтын корпораци гаргах бөгөөд энэ нь Компакт гэрээний үнийн дүнд багтахгүй юм.

Ирэх оны Үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үндсэн чиглэл Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийг хөгжүүлэх бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 18 зорилттой.

Эдгээрийг хэрэгжүүлэх 96 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал зэргийг тусгажээ. Тухайлбал Макро эдийн засгийн бодлогын хүрээнд гэхэд эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байр нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах юм.

Мөн нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулах замаар дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөл бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалтыг татах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Товч мэдээ

- УИХ-ын дарга М.Энхболдын 2017 оны 03 дугаар сарын 27-30-нд Япон Улсад хийсэн албаны ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов. Тус улстай хөгжүүлж байгаа Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, Монгол Улс ОУВС-тай хэрэгжүүлэх хөтөлбөрийн санхүүгийн багц дахь японы оролцоо, дэмжлэгийг тодорхой болгох, парламент хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр байгуулах нь айлчлалын зорилго байв. Энэ үеэр Японы Улс манайд 850 сая ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотолсон юм.

- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

- Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ