“Carl Vinson” хөлөг онгоц Япон тэнгист орж ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-04-29 17:53:59

ТОКИО./TASS/. АНУ-ын нисэх онгоц тээгч Carl Vinson хөлөг онгоц Японы Өөрийгөө хамгаалах хүчний эскадрын мина тээгч хөлөг онгоцуудын хамт Япон тэнгисийн бүсэд нэвтрэн орж ирсэн тухай телевизийн NHK суваг мэдээллээ.

Carl Vinson хөлөг онгоц ойрын өдрүүдэд Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцуудтай хамтран сургуулилт хийх юм. Уг сургуулилт эхлэнгүүт Японы хөлөг онгоцууд Америкийн цохилтын бүлгийг орхин явснаар Япон-Америкийн хамтарсан сургуулилт дуусах ажээ. Carl Vinson хөлөг онгоц Солонгосын хойгт орж ирсэн нь Умард Солонгосын талд улам хүчтэй шахалт үзүүлж байгаа хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна.

Carl Vinson тэргүүтэй АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний цохилтын бүлэг 23-ны өдрөөс эхлэн Японы Өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтран цэргийн сургуулилт хийж, түүнд Японы талаас “Асагара”, “Самидарэ” хөлөг онгоцууд оролцжээ.

Японы хэвлэлүүд Умард Солонгосын өнөөдөр хийсэн пуужингийн туршилтад гол анхаарлаа хандуулж байна. Энэ туршилтыг НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн Солонгосын хойгийн асуудлаарх тусгай хуралдаан дууссанаас хэдхэн цагийн дараа хийсэн ажээ.

Х.Сарнай   

Холбоотой мэдээ