Цэрэг татлагын үзлэгийг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-05-01 13:50:07
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-ын  Цэргийн штабаас  энэ оны дөрөвдүгээр сарын 19-нөөс 28-ны хооронд  2017 оны цэрэг татлагын нэгдүгээр ээлжийн эрүүл мэндийн урьдчилсан үзлэг болон сумдын ЗДТГ-ын дайчилгааны бэлэн байдлыг шалган туслах сургалтыг  зарим сумдад зохион байгууллаа.
Ажлын хэсгийнхэн Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд зэрэг суманд ажиллажээ. Эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт орон нутгийн удирдлагууд зохион байгуулалт сайтай оролцсоноос гадна, залуучуудын цэрэг татлагын үзлэгт хамрагдах идэвхи өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өссөн аж. Мөн  дайчилгааны бэлэн байдлын шалган туслах сургалт  эхлэхийн өмнөх түгшүүрийн  дохиог өгч сумын ЗДТГ-ын даргын ажлын талаарх илтгэлийг сонсох, бие бүрэлдэхүүнийхээ ажил үүргийн томилгоо, хээрийн хувцасны жигдрэлт, аранз, албан байрны зохион байгуулалт зэргийг шалгав.
Шалгалтын үед Алтанширээ, Замын-Үүд хувцасны жигдрэлт дутуу Айраг, Их хэт, Дэлгэрэх,  Алтанширээ, Өргөн, Замын-Үүд сумдууд аранзгүй оролцсоныг үүрэг даалгавар өгч зөрчлийг арилгуулсан аж.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн цэргийн штабын дарга хурандаа Л.Баатар, орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер хошууч Ж.Баттулга, тоо бүртгэлийн офицер ахмад Г.Амартүвшин, аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Мөнхбаясгалан, мэдрэлийн их эмч Д.Болормаа, чих хамар хоолойн эмч З.Ариунаа, дотрын эмч Т.Алдармаа, лабораторийн эмч Б.Чинцэцэг нар ажиллав.
Х.Эрдэнэбулган 
Холбоотой мэдээ