Хятадын төв нутагт хүннү нарын 18 булш олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
БЭЭЖИН./TASS/. 1800 жилийн өмнө нүүдэллэн амьдарч байсан эртний хүннүчүүдийн 18 булшийг археологичид Хятадын Хөнань мужийн нутаг дэвсгэрт олж илрүүлжээ. Энэ тухай Хятадын төв телевиз мэдээллээ.
“Эдгээр багавтар булшнуудыг тоосгоор барьсан байх тул Хятадын их талын сонгодог булшинд хамааруулж болохгүй байгаа юм. Эдгээр булш нь Зүүн Хан улсын /МЭӨ 25-220 он/ хожуу үед буюу 1800 жилийн тэртээх цаг үед хамаарч байгаа юм” гэж Хятадын нийгмийн ухааны академийн ажилтан Шэн Вэньси ярилаа.
Түүний хэлснээр, дээрх булшууд нь тун сайн хадгалагдан үлдсэн ба бараг булш бүрээс эртний хийцийн хүрэл тогоо гарч байжээ. “Тогоо бүр хоёр хажуу талдаа нүхтэй ба тэр нүхээр нь юманд өлгөн гал дээр хоолоо хийдэг байжээ. Ийм хийцийн тогоог голдуу нүүдэлчин овгууд хэрэглэдэг байсан. Бидний үзэж байгаагаар, саяхан олсон эдгээр эд зүйлсийг хүннүчүүд хэрэглэж байсан” гэж Шэн Вэньси хэллээ.
Тогооноос гадна булшин дотор хүзүүний зүүлт, алтан ээмэг, хэт хутга болон хүннүчүүдийн өдөр тутмын ахуйн хэрэглээний зүйлс байжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, дээрх булшнууд нь онцгой их ач холбогдолтой, учир нь бусад ижил төрлийн булшнуудаас ялгаатай нь гэвэл булш хулгайгаар ухдаг хүмүүсийн гарт огт өртөөгүй аж. Энэ нь эртний үеийн шинэ шинэ чухал нарийн зүйлүүдийг мэдэж авах бололцоог эрдэмтдэд олгож байгаа юм. Дээрх булшнуудыг 11 дүгээр сар гэхэд бүрэн малтаж дуусах ба үүний дараа эрдэмтэд тэдгээрийг бүх талаас нь нарийвчлан судалж эхлэх юм.
О.Барс