Таиландад 2 тонн зааны соёог устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:22:57

БАНГКОК. /ВВС/. Хууль бус худалдаатай хатуу тэмцэж байгаагаа Таиландын Засгийн газар батлан харуулахын тулд хураан авсан зааны соёог өнөөдөр хэвлэл, мэдээллийнхний нүдэн дээр устгалаа.

Африк болон бусад газраас зааны соёог БНХАУ болон бусад улс руу хууль бусаар хил давуулахад дамжин өнгөрөх газрын үүрэг гүйцэтгэж байна гэж Таиландыг олон улс шүүмжилсээр байгаа юм.

Он гарснаас хойш нисэх онгоцны буудлууд болон бусад газраас хураан авсан нийтдээ таван тонн зааны соёог Таиландын Засгийн газар устгасан байна.

Өнөөдөр нийслэл Бангкок хотдоо 2.8 сая долларын үнэ бүхий хоёр тонн гаруй зааны соёог устгажээ.

Таиландын үндэсний амьтан болох зааныг хүмүүс хамгаалах ёстой гэж тус улсын түр Ерөнхий сайд Прают Чан-о-Ча хэлэв.

Зааны соёог хууль бусаар худалдаалж байгаатай тэмцэх хуулийг энэ онд Таиланд баталсан юм.

Дэлхийн онгон байгалийг хамгаалах сангийн мэдэгдсэнээр, хулгайн анчид жилд 30 мянга орчим зааныг устгадаг ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд