Аспириныг бага тунгаар хэрэглэснээр хөхний хавдраас сэргийлэх боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2017-05-04 11:34:11
НЬЮ-ЙОРК. /VOA/. Хамгийн түгээмэл хавдар болох хөхний хавдраар өвчлөх магадлалыг бага тунтай аспирин хэрэглэснээр багасгаж болно гэдгийг саяхан явуулсан судалгаа харууллаа.

Тодруулбал, “City of Hope” хавдар судлалын төвийн эмч нар нийт 57 мянган эмэгтэйд долоо хоногт 3-аас дээш удаа 81 мг-ийн тунтай аспирин өгч туршилт явуулахад хөхний хавдраар өвчлөх магадлал 16 хувиар буурч байжээ.

Хамгийн сонирхолтой нь, аспирин нь хөхний хавдрын хамгийн түгээмэл хэлбэр болох HER-2 төрлийн хөхний хавдарт нөлөөлсөн байна. Тодруулбал, энэ төрлийн хавдраар өвчлөх эрсдэл 20 хувиар буурчээ.

Судалгаанд оролцогчид нь өдөр тутмын амьдрал, дасгал сургуулилт, архи тамхины хэрэглээ, гэр бүлийн гишүүдийн хавдар тусч байсан болон эм хэрэглэж түүх зэргийн талаар мэдээлэл өгсөн байна.

Судалгааны дүнг өндөр тунтай аспирин болон өвчин намдаагч бусад эмийг хэрэглэх нь ямар үр дүнтэй гэдгийг судалсан өмнөх судалгаануудтай харьцуулсан ба энэ талаар Breast Cancer Research сэтгүүлд нийтэлсэн байна.

Судлаачдын ажигласнаар, ердийн тунгаар аспирин болон бусад өвчин намдаагчийг хэрэглэдэг эмэгтэйчүүдийн хувьд хөхний хавдраар өвчлөх магадлал буураагүй бөгөөд энэ нь тэдгээр эмэгтэйчүүд зөвхөн өвчин намдаах зорилгоор хааяа уудагтай холбоотой байж магадгүй юм.

Харин бага тунгаар аспириныг хэрэглэх нь зүрхний өвчин, бүдүүн гэдэсний хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг болох нь батлагдсан ажээ. 

Судлаачдийн үзэж байгаагаар, аспирин нь аливаа өвчний үүсгэгч үрэвслийг намдаадаг  аж. Ер нь бол өвчин намдаагч нь зөөлөн үйлчилгээтэй  Aromatase inhibitors буюу ароматаза дарангуйлагч юм .

Ароматаза дарангуйлагч нь хөхний хавдрыг үүсгэгч цусан дахь эстроген гормоны хэмжээг багасгадаг бөгөөд түүнийг цэвэршсэн эмэгтэйчүүдийн хөхний хавдрыг эмчлэхэд ашигладаг ажээ.  

Гэхдээ бага тунтай аспирин хэрэглэж эхлэхийг судлаачид зөвлөхгүй байгаа бөгөөд бага тунтай аспирин хэрэглэснээр хавдар сэргийлэх магадлал бий эсэхийг нарийвчлан судлах шаардлагатай гэж тэд үзэж байна.
Х.Сарнай 
Холбоотой мэдээ