Германд 700 орчим дүрвэгч алга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-28 11:45:02

ГАННОВЕР. /Sputnik/. Германы Доод Саксони мужид байрлаж байсан 4000 орогнол эрэгчийн 700 орчим нь ор мөргүй алга болсон бөгөөд захиргааны доголдлоос болж орон нутгийн удирдлагууд хэн байсныг, одоо хаана байгааг огт мэдэхгүй байна.

“Neue Osnabrücker Zeitung” сонины хийсэн судалгаагаар, Германы баруун хойд мужийн удирдлагууд уг тоо баримтыг илрүүлээд байна. Дүрвэгчдийн ихэнх нь бүртгүүлээгүй учраас хэн, хаашаа явсан талаар хэн ч мэдэх боломжгүй юм.

Шилжин суурьшигчид хамаатан садантайгаа эргэн нийлэхээр эсвэл уг хөдөө газраас илүү аятайхан газар олохоор явсан байх магадлалтай бөгөөд өөр улс руу ч дүрвэсэн байх боломжтой хэмээн зарим орон нутгийн удирлагууд таамаглаж байна. Бусад нь тус газар дүрвэгчдэд тохитой байр сууц хангаагүйтэй холбоотой гэж үзэж байна.

Түүнчлэн Байернд ирсэн дүрвэгчид төөрөлдөж будилах нь элбэг тохиолддог гэжээ.

“Тэд ихэвчлэн хаана байгаагаа мэддэггүй. Бид саяхан Германы газрын зургийг тавьж зүг чигээ олоход нь тусласан” хэмээн Дельменхорст  суурингийн төлөөлөгч Тимо Фрерс орон нутгийн удирдлагад хэлсэн байна.

Дельменхорстоос баруун тийш нэг цаг хагасын зайд орших Лингений дүрвэгчдийн төвд байрласан 212 хүний тал нь ирээд тун удалгүй өөр тийш нүүжээ. Хөдөлмөрийн яамны мэдээллээр, Германд орж ирсэн 300 мянган дүрвэгч Европын бусад улс руу шилжин суурьшина гэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ