Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулганд 3500 төлөөлөгч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-05-23 12:25:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 22-ны өдөр эхэллээ. 

Чуулганд тус байгууллагын 194 гишүүн улсын Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, ажиглагч статустай байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 3500 гаруй төлөөлөгч оролцож байна. 
Энэ жилийн чуулганыг “Тогтвортой хөгжлийн эрин үед эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь” чиглэлээр зохион байгуулж байгаа юм. Чуулганаар эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан тусламж үйлчилгээний төлөвлөлтийг оновчтой болгох, шинээр болон дахин сэргэж буй халдварт өвчнүүдийн эрт сэрэмжлүүлэг, антибиотекийн тэсвэржилтийн асуудал, хүний нөөцийн асуудал, эрхтэн шилжүүлэх үйл ажиллагааны зохицуулгын тухай, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, хуурамч эмийн эсрэг стратегийг хэрэгжүүлэх, яаралтай тусламжийн бэлэн байдлын талаар тус тус хэлэлцэх юм.

Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж оролцож буй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ сарын 24-нд үг хэлнэ. 

Энэ удаагийн чуулганы онцлог нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирлыг гишүүн орнууд сонгох явдал хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Холбоотой мэдээ