Хятадын гүний шумбагч аппарат Марианы хонхорт 4800 м-ийн гүнд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-05-25 10:49:00
БЭЭЖИН./TASS/. Хятадын “Зяолун” гэдэг гүний шумбагч аппарат Марианы хонхорт гүний шумбалт хийжээ. Хятадын төв телевизийн мэдээлснээр, уг аппарат эхний удаад 4811 м-т хүрсэн байна.

Шумбагч аппарат усан дорх хад, хөрс шороо, усны дээжийг авсан ба энэ удаагийн судалгааны зорилго нь геологийн идэвхжил болон усан дорх ургамлын аймаг, бичил биетүүдийг судлах явдал юм.

Гүний шумбагч аппаратыг ачиж, 96 эрдэмтнийг суулгасан эрдэм шинжилгээний “Сяньянхун-09” хөлөг онгоц Марианы хонхрын хамгийн гүн цэг болох Челленжерийн ангалын бүсэд очсон юм. “Зяолун” аппарат нийтдээ таван удаа усны гүн рүү нэвтрэхдээ хамгийн дээд тал нь 6700 м-ийн гүнд хүрсэн байна.

Эрдэм шинжилгээний багийн ахлагч У Чанбин-ы ярьснаар, гүний шумбагч аппарат нь энэ районд амьд биетүүд дасан зохицох механизмыг судлах зорилгоор абиссаль бүсэд судалгаа хийх аж.

Хятадын үлгэр домогт гардаг лууны нэрээр нэрлэгдсэн энэ аппаратыг Хятадын хөлөг онгоц үйлдвэрлэлийн корпораци үйлдвэрлэж 2002 оноос ашиглаж эхэлсэн байна. 2012 оны 6 дугаар сард “Зяолун” аппарат Марианы хонхорт 7062 м-ийн гүнд хүрч байсан юм. Уг аппаратыг бүтээснээрээ Хятад улс 3500 м-ээс дээш гүнд шумбах технологитой ОХУ, АНУ, Франц, Японы дараа дэлхийн тавдахь улс болсон юм.
О.Барс 

 

 

 

 


Холбоотой мэдээ