Абелийн шагналыг Францын математикч Ив Мейерт гардууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-05-25 15:57:32
ОСЛО./TASS/. Норвегийн хаан Харальд V мягмар гарагт математикийн салбарын Абелийн шагналыг Францын эрдэмтэн Ив Мейерт гардуулжээ. Математикийн ухааны "Нобелийн шагнал" гэгддэг шинжлэх ухааны энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах ёслол Осло хотод боллоо.

Вейвлетийн онолыг боловсруулахад голлох хувь нэмэр оруулсны төлөө Мейерт уг шагналыг хүртээжээ.

Вейвлетийн онол гэдэг нь өгөгдлүүд, тэдгээрийн дотор фото болон видео дүрсийн өгөгдлүүдийг шүүх, шахах, тэдгээрт дүн шинжилгээ хийхэд өргөн ашиглагдаж буй вейвлетүүд гэдэг математик функцийн онол юм. Вейвлет дүн шинжилгээ, вейвлет хувиргалтын аргын тусламжтайгаар соронзон резонанст томограф, сансрын дуран авайгаар авдаг зургуудын нягтаршлыг эрс сайжруулах боломжтой болжээ.

“Вейвлетийг нээхэд надад 3 сарын хугацаа шаардагдсан. Миний гол нээлтүүд маань өөр чиглэл салбарт хамаардаг. Тухайлбал, Альберто Кальдероны таамаглалыг нотлоход 7 жил шаардагдсан” хэмээн өдгөө 77 настай математикч эрдэмтэн шагнал гардан авахынхаа өмнө хэллээ.
О.Барс 

 

 

 


Холбоотой мэдээ