Тайваний Монгол Төвдийн хороо оёдолчдыг мэргэшүүлэх сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-29 10:14:11
Ховд/МОНЦАМЭ/Тайванийн Монгол Төвдийн хороо нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны түвшин доогуур иргэдэд мэргэшил олгож, ажлын байр олоход нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр тусламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн билээ.
Энэ удаа Ховд аймгаас УИХ-д сонгогдсон С.Бямбацогт, О.Батнасан гишүүн нарын хүсэлтээр Ховд аймагт 20 оёдолчинг мэргэшүүлэн бэлтгэх 45 хоногийн сургалтыг Тайванийн Монгол Төвдийн хорооноос санхүүжүүлэн хийхээр болж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Гишүүдийн тойргийн сумдаас сонгогдсон нийт 20 иргэн сургалтанд хамрагдах бөгөөд эдгээр иргэн тус бүрт шинээр оёдлын машин олгох ба тус оёдлын машин дээрээ оёдолчны ур чадвар эзэмшихийн зэрэгцээ тус оёдлын машинаа цаашдаа өөрийн ажлын байр, багаж зэвсэг болгох юм байна.
Сургалтын нээлтийн ажиллагаанд Тайванийн Монгол Төвдийн хорооны Монголын хэргийн хэлтсийн дарга Баатар Хай гуай хүрэлцэн ирсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Батнасан байлцав. Баатар Хай нь Монгол, тэр дундаа торгууд угсааны хүн бөгөөд Монголдоо элэгтэй, Монголын иргэдийг мэргэжил боловсролтой болгох, сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх чиглэлд нэлээдгүй ажлыг хийж ирсэн хүн юм. Оны өмнөхөн Ховд аймгийн эмч, мэргэжилтнүүд Тайваньд очиж мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан бөгөөд Тайванийн эрүүл мэнд, халамжийн яамны шугамаар Монгол улсад 6 диализийн аппаратыг тусламжаар нийлүүлсэн болно.
Түүнчлэн Монгол Төвдийн хороо нь “Монгол улсын ядуу өрх айлын, шилдэг оюутнуудад олгох тэтгэлэг” хөтөлбөрийг 2003 оноос зохион байгуулж ирсэн ба тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр 55 оюутанд тус бүр 250 ам.долларын тэтгэлэг олгодог байна. Монгол Улсын бүх шатны сургуулиудын шилдэг оюутнуудыг сонгож олгодог тус хөтөлбөрт одоогоор 1500 орчим оюутан хамрагдаад байгаа бөгөөд энэ жилийн тэтгэлэгт шалгарсан 55 оюутнуудад тэтгэлэг олгох үйл ажиллагаа энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо болох юм. Тус тэтгэлэг хөтөлбөрт манай Ховд аймгийн залуус, оюутнууд жил бүр шалгарч хамрагдаж ирсэн байна.
Монгол Төвдийн хорооны энэ тэтгэлгээс гадна Тайванийн Засгийн газраас жил бүр Тайваньд суралцах тэтгэлэг олгодог ба Монголын оюутан залуус хүсэлт гаргах боломжтой байдаг бөгөөд бакалавр, магистр, докторын түвшинд суралцахаас гадна төрийн холбогдох байгууллагуудын мэргэжилтэн, албан хаагчдаас урт богино хугацааны сургалтанд байнга хамрагддаг нь Монгол Улсын боловсон хүчнийг чадавхижуулахад хувь нэмрээ оруулахын сацуу Тайвань Монголын харилцааг улам ойр нягт болгож байгаа юм. 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ