Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх оныхоос хоёр дахин өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-05-30 17:34:18
Хэнтий /МОНЦАМЭ/ Он гарсаар Хэнтий аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 403 гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ төрлийн зөрчил 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Гарсан 403 зөрчлөөс 60 зөрчилд баривчлах арга хэмжээ, 343 зөрчилд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасах арга хэмжээ авчээ. Цагдаагийн байгууллагын хяналт шалгалт 24 цагийн турш цагийн менежментээр ажиллаж байгаа боловч  иргэдийн ухамсаргүй байдлын улмаас ийнхүү хууль зөрчигдсөөр байна.

Энэ онд зам тээдрийн осол, хэрэг 9 гарсан бөгөөд үүнээс жишээ дурьдвал: Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг Хатан улаан гэх газар 2017 оны 05 сарын 17-ны шөнө 04 цагийн үед Улаанбаатар хотын БЗД-ийн иргэн "Г" нь Тоёото Приус-10 маркийн авто машинтай зам тээврийн осол гаргаж, дотор нь явсан иргэн "Д" нас барж, 4 хүн биедээ гэмтэл авсан, Цэнхэрмандал сумын Согоот багийн нутаг Хэрлэн голын гүүрнээс 15 км газарт 2017 оны 05 сарын 12-ны өдөр Тоёото Кролло маркийн авто машин онхолдож, 5 настай иргэн "Э" нас барсан зэрэг ноцтой осол гэмтлүүд гарчээ.

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зам тээврийн осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн арга хэмжээ авч ажилласнаар энэ онд гарсан зам тээврийн осол гэмтлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад ижил түвшинд, нас баралт буурсан үзүүлэлттэй байна.
Мөн зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг бууруулах зорилгоор Хэнтий аймгийн Засаг даргын 2017оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/154 тоот захирамжаар “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсооё” арга хэмжээний хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтийн эргүүлийг ажиллуулж байгаа аж. Мөн Цагдаагийн газраас “Мотоцикль” арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 1 сарын хугацаатай зохион байгуулан ажиллаж байна.
Иймд иргэд та бүхнийг хөдөө орон нутгийн замд авто машины хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байх, согтуугаар болон хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо суудлын бүс, хамгаалалтын малгайг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас уриалж байна. 
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ