Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор Оросын компаниудын эсрэг хориг тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-02 12:02:02
ЛОНДОН./BBC/. Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор нийтдээ есөн компани, гурван иргэний эсрэг АНУ шинээр хориг арга хэмжээ авсан тухай тус улсын Сангийн яамны мэдээлэлд дурджээ.

Хоригийн жагсаалтад Оросын гурван компани, тухайлбал Оросын "Ardis-Bearings" ХХК, “Роснефть”-ийн захирал асан Э.Худайнатовын “Независимая нефтегазовая компания” ХН /ННК/, тус компанийн охин компани болох "ННК-Приморскнефтепродукт” багтжээ. Түүнчлэн Умард Солонгосын "Korea Tangun Trading Corporation" компанитай харилцдаг Оросын бизнес эрхлэгч Игорь Мичуриний эсрэг хориг арга хэмжээ авсан байна.

Э.Худайнатов өөрийнх нь компанийн эсрэг хориг тавьж байгаад ихэд цочирдсоноо мэдэгдсэн байна. “Би маш их цочирдсон. АНУ-ын Засаг захиргаа манай компанийг Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой гэж үзсэн нь намайг маш ихээр гайхшрууллаа. Энэ нь миний ой тойнд багтахгүй байна” хэмээн тэрбээр ярьжээ. АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр, “ННК” компани нь Умард Солонгост 1 сая гаруй долларын газрын тос нийлүүлжээ.

Оросын компаниудаас гадна Умард Солонгосын Ардын арми, тус улсын цайрын Korea Zinc Industrial Group компани, Солонгосын компьютерын төвийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна.

АНУ-ын Сангийн яамны шийдвэрийн дагуу хоригт багтсан иргэд болон компаниудын АНУ-ын нутаг дэвсгэрт байгаа бүх данс, актив хөрөнгийг битүүмжлэх төдийгүй Америкийн иргэд, пүүс компаниудад хоригт орсон эдгээр компаниуд болон иргэдтэй гэрээ хэлцэл байгуулахыг хоригложээ.
О.Барс 

 

  •  
  •  

 


Холбоотой мэдээ