Ховдын ИТХ Засаг даргадаа дахин итгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-06-05 09:38:06
Ховд/МОНЦАМЭ/  Энэ сарын 2-ны өдөр болсон Ховд аймгийн ИТХ-ын III хуралдааны хэлэлцэх асуудалд АН-ын бүлгийн саналаар өөрчлөлт оруулж, аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх асуудлыг нэмж оруулах асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулахаар аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, аймгийн Ардчилсан намын дарга Ч.Чинбат санал гаргаж, төлөөлөгчид санал бодлоо илэрхийлж, хуралдааны дэгийн дагуу хэлэлцэх асуудлын дараалалд оруулах, эсэх асуудлаар санал хураахад 39 төлөөлөгчийн 21 төлөөлөгч нь аймгийн Засаг даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах нь зүйтэй гэж дэмжжээ.
Мөн аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх, эсэх асуудлыг нийт төлөөлөгчдийн нууц санал хураалтаар шийдэхээр болж, хуралдаан хэлэлцэх асуудлын дарааллыг дагуу үргэлжилсэн юм.
Ээлжит III хуралдаанаар аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Д.Галсандондогийн "Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэл, "Аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэлийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм.
Ховд аймгийн ИТХ-ын III хуралдаанд 41 төлөөлөгч оролцохоос 40 төлөөлөгч хүрэлцэн ирж хуралдаан 97,5 хувийн ирцтэй хуралдсан байна. 
 
Аймгийн Засаг даргад дахин итгэл үзүүлэхээр боллоо

Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудалд өөрчлөлт оруулах асуудлаар МАН-ын бүлэг  нэг цагийн завсарлага авч, хуралдаан дахин үргэлжилсэн юм.
Хуралдаанаар аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Д.Галсандондогийн "Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэл, "Аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэлийг тус тус хэлэлцэн баталлаа. Мөн аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс оруулсан  Аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулан баталсантай холбогдуулан хуралдааны дэг, дотоод журамд өөрчлөлт оруулж, хуралдааныг 06-р сарын 03-нд багтаан дуусгахаар баталж шөнийн  03 цаг хүртэл хуралдлаа.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан нэр бүхий зарим Төлөөлөгчид Ардчилсан намын бүлгээс  ямар үндэслэлээр аймгийн Засаг даргыг огцруулах санал оруулсан талаар тайлбар авч, Төлөөлөгчид, болон аймгийн Засаг даргаас  асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ.
Дараагаар нь 5 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулан, Аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг албан тушаалаас нь огцруулах, эсэх асуудлаар нууц санал хураалт явууллаа.
Санал хураалтад нийт 41 төлөөлөгч оролцсоноос 1 саналын хуудас хүчингүй, 23 төлөөлөгч огцруулахгүй, 17 төлөөлөгч огцруулах санал өгснөөр нийт төлөөлөгчдийн 56,1 хувь нь аймгийн Засаг дарга Д.Галсандондогт дахин итгэл үзүүллээ.  Дахин итгэл үзүүлж дэмжсэн төлөөлөгчиддөө, нийт ховдчууддаа хандаж аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Ховд аймгийнхаа ард иргэдийн нийтлэг эрх ашгийн нийт төлөө, орон нутгийхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа” илэрхийллээ.
Энэ оны 06-р сарын 2-3 ны хооронд Нутгийн удирдлагын хуралдааны их танхимд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдааныг  орон нутгийн Ховд телевиз, Олон ястны телевиз, Жаргалант телевиз, Ховдын мэдээ сонин, орон нутгийн мэдээллийн  WWW.KHOVDNEWS.MN сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, уран бүтээлчид, инженер техникийн ажилчид сурвалжиллаа.
А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ