Цагдаагийн байгууллагын төсвийг танасныг Их Британийн сөрөг хүчний удирдагч шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-06-05 19:10:33
ЛОНДОН. /ВВС/. Цагдаагийн алба хаагчдын тоог цөөрүүлсэнтэй нь холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Терезай Мэй-г тус улсын гол сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин шүүмжиллээ.

Өнгөрсөн бямба гарагт Лондон хотод олон хүний аминд хүрсэн  цуврал террорист халдлага болсонтой холбоотойгоор Ж.Корбин өнөөдөр мэдэгдэл хийсэн байна.

Тус улсад энэ пүрэв гарагт парламентын сонгууль болох гэж байгаа юм. Сонгогчид аль намд саналаа өгөхөд аюулгүй байдлын асуудал ихээхэн нөлөөлөх төлөвтэй байна.

Халдлагатай холбоотойгоор түр зогсоогоод байсан кампанит ажлаа Хөдөлмөрийн нам өнөөдрөөс үргэлжлүүлж эхэлсэн аж. Ж.Корбин Английн хойд нутгийн Карлайл хотод өнөөдөр дэмжигчдэдээ хандан үг хэлэх үеэрээ “Хатагтай Т. Мэй! Та хямд үнээр олон нийтийг хамгаалж чадахгүй” гэжээ.

Түүний хэлснээр, Т.Мэй Дотоод хэргийн сайд байхдаа цагдаагийн байгууллагын төсвийг танаж, цагдаагийн алба хаагчдын тоог 20 мянгаар цөөрүүлж байжээ. Т.Мэй тухайн үед цагдаагийн байгууллагын анхааруулгыг огт сонсоогүй гэж тэрбээр хэлэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “цагдаа нар хүний амь насыг аварч, хамгаалахын төлөө ямар ч хүч хэрэглэх бүрэн эрхтэй байх хэрэгтэй” гэжээ.

Олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнгээс үзвэл, өнгөрсөн бямба гарагийн байдлаар эрх баригч Консерватив намыг дэмжигчдийн тоо 44.1 хувьтай байсан бол Хөдөлмөрийн намыг дэмжигчдийн тоо 35.8 хувьтай байв.

Гэхдээ санал асуулга явуулагчдын мэдэгдсэнээр, Хөдөлмөрийн намыг дэмжигчдийн тоо тогтвортой нэмэгдсээр байгаа аж.

Г.Доржханд
Холбоотой мэдээ