Ц.Мөнх-Оргил: Бүтцийн шинэчлэл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-06-06 14:06:29
ТОКИО. /Nikkei/. Манай улс ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн дагуу бүтцийн шинэлчлэлийг хэрэгжүүлнэ гэж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил даваа гарагт Японы нийслэл Токио хотноо “Nikkei Asian Review” сонинд ярилцлага өгөх үеэрээ хэллээ.

Монголын эдийн засагт шинэчлэл хийх зорилго бүхий  5.5 тэрбум долларын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” –ийн хүрээнд ОУВС-гийн зүгээс ирэх гурван жилийн хугацаанд Монголд 434 сая долларын хөнгөлөлттэй зээл олгохыг зөвшөөрсөн шийдвэрийг тус сангийн Захирлуудын зөвлөл өнгөрсөн сард гаргасан билээ. Монголын  эдийн засгийн байдлыг тогтворжуулахад туслах зорилгоор ОУВС-гаас гадна Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон болон БНСУ зэрэг хандивлагч орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагууд нийтдээ  5.5 тэрбум долларын санхүүжилт олгох юм.

Байгалийн баялаг ихтэй Монгол Улс нь сүүлийн 15 жилийн хугацаанд ашигт малтмалын экспортоос ихээхэн орлого олсон билээ. Харин дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурснаас гадна экспортын гол бүтээгдэхүүнүүдийн эрэлт суларсан нь тус улсын эдийн засагт хүнд цохилт болсон.

Зургадугаар сарын 5-нд Токио хотноо эхэлсэн "Азийн ирээдүйн талаарх олон улсын бага хурал" хоёр өдрийн уулзалтын үеэр Ц.Мөнх-Оргил үг хэлэхдээ “ашигт малтмалын нөөцөө болон засгийн газарт олгох зээлийн мөнгийг үр дүнтэй ашиглаж, эдийн засгийн түр зуурын бэрхшээлийг даван туулж чадна гэдэгтээ бид итгэлтэй байна” гэв.

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах нөхцлийн хүрээнд Монгол Улс татварыг нэмэгдүүлэх, зардлаа танах зэрэг арга хэмжээг авсан билээ. Гэсэн хэдий ч Монголын Засгийн газар бүтцийн шинэчлэл хийх замаар эдийн засгаа замд нь буцааж оруулж чадна гэдэгт ажиглагчдын зарим нь эргэлзэж байна.

Харин Ц.Мөнх-Оргил хэлэхдээ “шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай. ОУВС-гаас үл хамааран шинэчлэлийг хийх ёстой гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд дэндүү үрэлгэн байсан. Төсвийн зардлыг маш ихээр нэмэгдүүлсэн. Үүний улмаас засгийн газрын өрийн тогтвортой байдал алдагдсан” гэлээ.

Тиймээс Засгийн газар одоо эдийн засгийн шинэчлэл хийж, төсвийг алдагдлыг бууруулахаар ажиллаж байна гэж сайд Ц.Мөнх-Оргил ярив.

Түүний хэлснээр, Монголын төсвийн алдагдлыг энэ оны эцэст гэхэд ДНБ-ий 10.2 хувь болгож бууруулахыг зорьж байна. Одоогоор, төсвийн алдагдал нь ДНБ-ий 17 хувьтай тэнцэж байгаа юм. Харин 2022 он гэхэд төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувь болгож бууруулах зорилт тавьжээ.

“Ойрын хэдэн арван жилдээ уул уурхайн салбар Монголын эдийн засгийн гол хөшүүрэг хэвээр байх төлөвтэй байна. Гэхдээ одоогоор, уул уурхайн салбар “олон ааштай” байна. Энэ салбарын хувь заяа уруудаж, өгсөхийг урьдчилан таах аргагүй” гэж Монголын Гадаад харилцааны сайд хэлэв.

Тэрбээр цааш нь ярихдаа “Монгол Улс эдийн засгаа солонгоруулахад бэлэн байна. Одоогоор, манай улсын экспортын орлогын 90 хувь ашигт малтмалаас хамааралтай байна. Бид цаашид илүү олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, илүү олон салбарт хүч үзэх хэрэгтэй. Бид бусад салбарт төр ба хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж, илүү олон хүнийг ажлын байраар хангаж, хөдөө аж ахуй ба аялал жуулчлал зэрэг өөр олон салбараас орлого олох хэрэгтэй байна” гэжээ.
   
/http://asia.nikkei.com/Spotlight/The-Future-of-Asia-2017/Mongolian-minister-confident-on-structural-reform/
Г.Доржханд
Холбоотой мэдээ