Аймгийн ИТХ-ын ээлжит IV хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 76 тоот тогтоолоор аймгийн ИТХ-ын ээлжит IV хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр буюу Лхагва гарагт хуралдуулахаар товлон зарлалаа. Энэ талаар аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.
Ээлжит хуралдаанаар 2016 оны орон нутгийн орлогын давсан хэсгийг хуваарилах, 2017 оны төсөвт тодотгол хийх, аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журам батлах, мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний төлбөрийн нормативыг шинэчлэн тогтоох, “Спортын өндөр амжилт гаргасан аймгийн тамирчин, дасгалжуулагч, шүүгч нарыг мөнгөн шагналаар шагнах аймгийн хэмжээнд дагаж мөрдөх журам”-д өөрчлөлт оруулах, орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг гэрээгээр эзэмшүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Аймгийн ИТХ нь нийтдээ 39 төлөөлөгчтэй бөгөөд ээлжит ІІІ хуралдаанаа 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хийж, аймгийн 2017 оны төсөв, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийг баталсан юм.
Ө.Нурболат