Монголхэл бичгийн сорилгыг 1150 гаруй төрийн албан хаагч өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-06-06 21:08:23
Дундговь/МОНЦАМЭ/ Төрийн алба хаагчид өнөөдөр монгол хэл бичгийн сорилго өгөв. ” Эх хэл бичгээ дээдэлье” хагас жилийн аян Дундговь аймагт энэ сарын эхэнд эхэлсэн. Аяны эхэнд төлөвлөсөн ажил бол төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн сорилго байсан бөгөөд хоёр үе шаттай явуулах сорилгын эхнийхэд 53 төрийн байгууллагын 1150 гаруй алба хаагч хамрагдсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2010 оны зарлиг, Монгол Улсын Засгийн  газрын “Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 2013 оны тогтоолын хэрэгжилтийг хангахад сорилгын зорилгыг чиглүүлж байна. Түүнчлэн 2015 онд УИХ- аар баталсан “Монгол хэлний тухай” хуульд 2025 оноос эхлэн төрийн харилцаанд хос бичиг хэрэглэх тухай тусгасан. Үүний бэлтгэлийг одооноос хангах эхлэлийг тавих нь ч сорилгын бас нэг зорилго болж байгаа юм. Энэ үүднээс “Эх хэл бичгээ дээдэлье” аяныг Засаг дарга дэмжиж, түүний ивээл дор аян эхэлжээ.
Аймгийн ИТХ, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, Сайнцагаан сумын ИТХ, ЗДТГ, тус сумын харъяа төрийн байгууллагуудад нийт 1650 орчим алба хаагч ажилладаг. Тэднээс хүндэтгэн үзэх шалтгаан бүхий 500- аад алба хаагч эхний сорилгод хамрагдаагүй гэдгийг БСУГ- ын мэргэжилтэн Л.Мөнхзул хэллээ. Сорилгын даалгаварыг Хэлний Бодлогын Үндэсний зөвлөл боловсруулсан бөгөөд үүнд чээжээр бичих болон дүрэм хэлзүй, монгол бичгээр гүйцэтгэх сорилууд багтсан байна.  
Төрийн алба хаагчдыг ерөнхий боловсролын 3 сургуульд хуваарилан, монгол хэл бичгийн болон бага ангийн багш нарын оролцоотойгоор сорилгыг нэгэн зэрэг авсан. Төрийн алба хаагчид  кодоор дугаарлагдсан бөгөөд тэр дугаараар маргааш сорилгын дүнгээ харах ажээ.
 
Т. Отгонтуяа  
Холбоотой мэдээ