С вирусын эсрэг эмийг хөнгөлөлттэй бичих эмч нарын тоог нэмэгдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-07 16:30:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд В, С, Дельта вируст хепатитын илрүүлэг, тандалт, оношилгоо, эмчилгээ, хяналт хийх зааврыг хэрэгжүүлэх ээлжит сургалт ЭМЯ-нд болж, нийслэлийн 9 дүүрэг, 4 тосгоны 15 эрүүл мэндийн байгууллагаас 23 эмчийг хамруулж, эмч нарт сертификат олголоо.

Тус сургалтыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын зорилт, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан “Элэг бүтэн Монгол”, “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна. Үүнд та бүхний үүрэг маш чухал юм. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр хүн амын дунд хепатитын вирусын халдварын тархалтыг хязгаарлан, хепатитын С вирусын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитын вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулж чадах юм.

Хөтөлбөрийн хүрээнд хепатитын вирусын халдварыг илрүүлэх, вирусын ачаалал тоолох шинжилгээнд энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 насны иргэдийг В, С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж, хепатитын вирусын эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдийг мэргэжлийн эмчийн хяналтад эмчилнэ. 65-аас дээш насны иргэд өөрөө хүсвэл өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө бүртгүүлэн оношилгоо, эмчилгээнд хамарч болно. Дээрх үйл ажиллагаа үе шаттай 2017-2020 онд хэрэгжинэ” гэв.

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн 2016 оны статистик мэдээллээс үзэхэд элэгний хорт хавдраар нас барж буй хүмүүсийн 50 орчим хувь нь 40-65 насныхан байгаа юм.

Дэлхий дахинд 520 сая хүн вируст хепатитын архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. ДЭМБ-тай хамтран хийсэн тооцооллоор манай улсад хепатитын В, С вирусын архаг халдвартай 400 мянган хүн байгаа бөгөөд үүний тал хувь нь С вирусын архаг халдвартай, тал нь В вирусын архаг халдвартай амьдарч байна.

Дашрамд мэдээлэхэд, хепатитын С вирусыг эмчлэх 5 нэрийн эмийг улсын бүртгэлд бүртгэн, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнийн жороор олгох асуудлыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн эм тус бүрийг нэг сарын 210 мянга,   гурван сарын нэг курс эмчилгээний нийт 630 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж.

Ж.Болор
Холбоотой мэдээ