Монгол, Беларусь шинжлэх ухааны салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-06-08 10:04:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА, Беларусь улсын Үндэсний шинжлэх ухааны Академи хооронд хамтран ажиллах хэлэлцээрийг Беларусь улсын нийслэл Минск хотноо байгууллаа.

Хэлэлцээрт Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Беларусийн ҮШУА-ийн Ерөнхийлөгч, академич В.Г.Гусаков нар гарын үсэг зурсан юм.

Хэлэлцээрийн зорилго нь эрдэм шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшилд туслалцаа, дэмжлэг үзүүлэх, цаашлаад хоёр талын судлаачдын хүчин чармайлтыг нэгтгэн шинжлэх ухааны ололт амжилтыг хамтран ашиглахад оршиж байна.

Тус хэлэлцээрээр байгаль, техник, хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны салбар дахь суурь болон хавсарга судалгааг хамтран гүйцэтгэх, эрдэмтэн судлаач солилцох, хүрээлэн хоорондын шууд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эрдэм шинжилгээний мэдээлэл, ном бүтээл солилцох, олон улсын эрдэм шинжилгээний хуралд эрдэмтдээ оролцуулах зэрэг олон талт байдлаар хамтран ажиллахаар тохиролцов.

Ж.Болор
Холбоотой мэдээ