Элчин сайд зуслан байгуулахад дэмжлэг үзүүлэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-09 10:33:52

Хэнтий /МОНЦАМЭ/ Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри анх удаагаа Хэнтий аймагт зочлов. Ноён Элчин сайдыг тус аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга  Ж.Гантулга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Лхагвахатан нар хүлээн авч уулзаж аймаг орон нутгийн онцлог байдал,  хийж хэрэгжүүлж  байгаа бүтээн байгуулалтын ажлаас танилцуулав.

Уулзалтын үеэр Элчин сайд Хэнтий аймгийн удирдлагуудыг аймаг орон нутгаа хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж хөгжлийн бодлогоо тодорхойлж, тогтвортой ажиллаж байгаад нь талархал илэрхийлээд их эзэн Чингис хааны өлгий  нутагт дахин зочлох болно гэжээ. Мөн Австрали Улсаас хэрэгжүүлж байгаа олон төсөл хөтөлбөрүүдийг Хэнтий аймагт хэрэгжүүлэх боломж буй талаар харилцан санал солилцов.

Мөн сагсан бөмбөгийн "ТОББ КЛУБ" -ын үйл ажиллагаатай танилцаж, Хүүхдийн баяр-2017 гудамжны сагсан бөмбөгийн тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцсоноос гадна тус аймгийн удирдлагууд болон Биеийн тамир, спортын газрын дарга Г.Нэргүйбаатарын хүсэлтээр Баян-Адрага суманд зуны сургалт зохион байгуулахад зориулж  зуслан байгуулах саналыг дэмжсэн байна.

  Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ