Д.Даваасүрэн: Бүс нутагт үүсч буй хурцадмал байдлыг арилгахад манай улс хувь нэмрээ оруулах нь зүйн хэрэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
mn_tuul@montsame.mn
2017-06-15 14:52:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын 4 дүгээр бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэнтэй холбогдуулж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгээс бага хурлын зорилго, үр дүнг тодрууллаа.

-Улаанбаатарын яриа хэлцээ олон улсын 4 дүгээр бага хурлын зорилго юу вэ. Хурлаас хүлээж буй үр дүн юу вэ?

-“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” олон улсын бага хурлыг 4 дэх удаагаа ГХЯ, Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Өмнөх хурлууд эрдэмтэн судлаачдын дунд болдог байсан бол энэ удаагийн бага хурлыг Засгийн газар болон академик түвшиний нийт 150 төлөөлөгчийг оролцуулан зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тодруулбал, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Монголоос Засгийн газрын түвшний төлөөлөл оролцож байна.

Түүнээс гадна АНУ, ХБНГУ, Канад, Франц болон НҮБ, Европын холбооны төлөөлөл оролцож, бүс нутгийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухайд яриа хэлэлцээ өрнүүлэх юм. Ингэснээр Засгийн газрын түвшнийхэн эрдэмтэн судлаачдын үзэл бодол, байр суурийг сонсож, бүс нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тэдний зөвлөмжийг тусгах, харилцан ойлголцол итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн хурал болно хэмээн найдаж байна. 

Товчдоо бол оролцогчдын хамрах хүрээг өргөжүүлэн уг бага хурлыг ийнхүү уламжлал болгон зохион байгуулж байгаа нь Зүүн хойд Азийн аюулгүй байдлын механизмыг бүрдүүлэхэд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм. 
 

-Энэ удаагийн хурлаар бүс нутгийн аюулгүй байдлаас гадна эрчим хүч, байгаль орчны асуудлыг хэлэлцэх асуудалд оруулж ирсэн байна. Эдгээр асуудлыг яагаад сонгов?

-Зүүн хойд Азийн аюулгүй байдал урьд өмнөхөөс хурцадмал болоод байна. Иймд нэгдсэн хуралдаанаар Зүүн хойд Азийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэх бол салбар хуралдаанаар эрчим хүч, байгаль орчны асуудлыг хэлэлцэх юм. Салбар хуралдаанаар бүс нутгийн эрчим хүчний хэлхээ холбоог бий болгох, байгаль орчны хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх талаарх судлаачдын байр суурийг сонсох явдал юм. 

-Хурлын үеэр хоёр Солонгосын төлөөлөгчид тусгайлан уулзах уу?

-Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бүрдүүлэхэд манай улс ихээхэн анхаарал хандуулдаг. Энэ нь бол тус бүс нутагт манай улс оршдогтой холбоотой. Түүнчлэн бүс нутгийн аюулгүй байдал нь манай улсын тогтвортой байдалтай шууд хамааралтай. Энэ утгаар нь авч үзвэл бүс нутагт үүсч байгаа хурцадмал байдлыг арилгахад Засгийн газрын зүгээс хувь нэмрээ оруулж ажиллах нь зүйн хэрэг юм. Иймээс өнөөдрийн хуралд олон улс, байгууллага төлөөлөгчдөө илгээсэн байна.

Ер нь талууд тухайн бүс нутагтаа яриа хэлэлцээ хийх боломжгүй тохиолдолд манай улсад ирээд яриа хөөрөө хийх бололцоотой. Хоёр Солонгосын тухайд тусгайлсан уулзалт энэ үеэр хийх тов байхгүй. Харин хамтарсан хуралдаануудад бол төлөөлөгчид нь оролцох юм.
 

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Холбоотой мэдээ