Харшлыг эрт үед нь илрүүлэх хэрэгтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Дулааны улиралд идэвхижил ихтэй байдаг харшлын өвчнийг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь үр дүнтэй байдаг аж. Харин харшлын өвчтэй иргэдийн хувьд өвчнөө хүндэрсэн үед эмчид ханддаг нь эмчилгээнд хүндрэл учруулдаг байна. Харшил дотроо зун, хаврын улиралд иргэдийн дунд ургамлын тоосонцрын харшил, нарны харшил, хоол хүнсний бүтээгдэхүүн, химийн бодисоос үүдэлтэй харшил түгээмэл байдаг аж. Энэ төрлийн харшилтай иргэдийн хувьд зуны аагим халуунд хамар загатнах, нус гоожих, нүд хорсох шинж тэмдгээр илэрдэг байна. Үндсэндээ 4-р сараас эхлэн харшлын илрэх явц мэдрэгддэг бөгөөд энэ үед эмчилгээ хийлгэвэл зуны цагт сэдэрч хүндрэх нь харьцангуй багасч, урьдчилан сэргийлэх боломжтой аж. “Харшилын өвчин нь хүний бие махбодын дархлааны тогтолцооны хэт идэвхжилээс үүсдэг. Улирлаас шалтгаалж ихэсдэг харшлын өвчин гэж бий. Ялангуяа ургамал, тоосны харшилтай хүмүүсийн өвчин урин дулаан цагт илэрдэг гэж хэлж болно. Энэхүү өвчнийг хүндэрсэн хойно нь эмчлэх хүндрэлтэй байдаг учир урьдчилан сэргийлж, харшил үүсгэгч хүчин зүйлийг тодорхойлон, үүнээс аль болох хол байх нь чухал. Хэрвээ танд дээрх шинж тэмдэг илэрсэн бол цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна” хэмээн аймгийн ЭМГ-ын Орчны эрүүл мэнд, хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Ц.Зулаа мэдээллээ.
Б.Замбал