"Илгээлтийн эзэн" хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-20 10:33:18
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын 60 жилийн ойн хүрээнд энэ жил 400 орчим түр ажлын байрыг бий болгож байна.
Ажлын байр зөвхөн аймгийн төв, уул уурхай, дэд бүтцийн салбараар хязгаарлагдахгүй бөгөөд ХАА-н салбарт шинээр ажлын байрыг бий болгож буй аж. Тодруулбал, аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар хамтран аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийн хүрээнд мал маллах сонирхолтой залуусыг хөдөө малжуулж, ХАА-н салбарт ажиллах боломжоор хангаж байна. Энэ ажилд 200 сая төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөжээ.
Мөн аймгийн хэмжээнд ажил идэвхтэй хайж буй 1800 орчим иргэнээс "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр"-ийн хүрээнд байнгын ажлын байраар 600 хүнийг хангах юм байна.
Сонирхуулахад, Аймагт ирж буй ажлын байрны захиалгыг авч үзвэл Зам барилга, Уул уурхайн салбар зонхилж байна. Гэвч ажил олгогчдын зүгээс мэргэжлийн үнэмлэхтэй ажилчид авна гэдэг шаардлагыг тавьдаг учир цаашид мэргэжилгүй залуусаа мэргэжилтэй болгох, сургалтад хамруулах ажил чухлаар тавигдаж байгаа аж.
                                                                                                                                                      Б.Мөнхзул
Холбоотой мэдээ